Гарцаагүй байдлаас болж үр хөндүүлсэн тохиолдолд НДС-аас тэтгэмж авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 14:09:30
oyuka_hu@yahoo.com

Жирэмсэний 169 хоногоос дээш болон доош тээлттэй эхчүүд үр хөндөлт хийлгэсэн, эсвэл зулбасан тохиолдолд Нийгмийн даатгалын хуулийн дагуу тэтгэмж авах эрхтэй байдаг байна.

Тодруулбал, хүүхдээ 169 хоног болон түүнээс дээш хугацаанд тээсэн хэдий ч зулбасан бол төрсний дараах 60 хоногийн тэтгэмж авдаг. Мөн жирэмсний амралтаа авсан тохиолдолд төрөхийн өмнөх тэтгэмжийг хуулийн дагуу олгодог гэж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолоо. 

Мөн жирэмсний 169 хоногоос доош тээлттэй байгаад үр хөндүүлсэн, зулбасан тохиолдолд Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авдаг байна. Дээрх тэтгэмжийг авах хүсэлттэй эхчүүд жирэмсний хяналтын дэвтэр, эмчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлэх шаардлагатай юм. Тэтгэмжийн хэмжээ нь ажилласан жил, нийгмийн даатгалын төлөлтөөс хамаардаг байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news