Улаанбаатар хотын гэр хороолол тэлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-29 13:39:34

ВАШИНГТОН. /cctv-america/. Монголын нийслэл Улаанбаатар хотын зах гэр хорооллоор дүүрч байна. Гэвч гэрийг хотод ашиглах зориулалтгүй гэж “CCTV”-ийн Перли Жейкоб бичжээ.

Хот руу шилжин ирэгсдийн дийлэнхийг хэд хэдэн удаагийн хахир хатуу өвөл мал сүргээ алдсан малчид эзэлж байна. 1998-2002 онд 11 сая толгой мал үрэгдэж, олон малчин малгүй болсон байна.

Монголын иргэн бүр 0.7 га газар эзэмших эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр 2003 онд гарсны дараа цөхрөнгөө барсан малчдын дийлэнх нь Улаанбаатар хотыг зорьжээ.

Гэвч ийм олон хүн хотод ирнэ гэж Улаанбаатар хотыг төлөвлөгчид төсөөлөөгүй байсан учир хотын зарим дүүрэг бохир, цэвэр усны холболтгүй, хатуу хучилттай замгүй байна. Эдгээр нь гэр хорооллын хүрээ тэлэхэд хүргэжээ.

Монголын өргөн уудам тал нутгийн алслагдсан газар нутагт гэрийг ашиглах зориулалттай боловч Улаанбаатар хотын захаас хэдэн зуун мянган гэрийг харж болно. Гэр хорооллын оршин суугчдыг орон сууцанд оруулах замаар уг асуудлыг шийднэ гэж Монголын Засгийн газар үзэж байсан боловч олон гэр бүлийн хувьд орон сууц их үнэтэй байна.

Засгийн газар чиглэлээ өөрчлөлгүй, хотын эргэн тойрны гэр хорооллыг бага багаар хөгжүүлж байна. Засгийн газрын шинэ бодлогыг гэр хорооллын оршин суугчид сайшаан, энэ төлөвлөгөө орон сууц руу нүүхээс илүү бодитой байна гэжээ.

"Би хотод амьдарч байгаа хэдий ч мөнгөн аяганд сүүтэй цай уун, гэрт амьдарсан хэвээр байна. Монгол хүн хэзээ ч гэрээс салж чадахгүй. Дэлхийн хөгжил оргилдоо хүрсэн ч Монгол гэр байсаар байх болно" гэж малчин байсан В.Дамбадаржаа ярив.

Д.Нямтулга

 

Related news