Орон сууцны зээл дээр тусгайлсан бодлого гаргахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-25 10:19:18

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Байгальмаа нар Баянхонгор аймаг дахь АЭХ-ны гишүүдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр эмэгтэйчүүд ипотекийн зээлийн хүүг бууруулах гэж байгааг талархан хүлээн авч, олон хүүхэдтэй, орлого багатай эмэгтэйчүүд орон сууц зээлээр худалдан авахад урьдчилгаа мөнгийг нь бүрдүүлэх амаргүй байгааг онцлоод энэ талаар тусгайлсан бодлого гаргахыг эрхэм гишүүнээс хүсчээ. АН-ын гишүүд энэ талаар тодорхой саналууд боловсруулж, УИХ-ын дарга болон Засгийн газарт уламжлаад байгааг С.Одонтуяа гишүүн уламжилсан байна. Тухайлбал, алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд орон сууц худалдан авахад улсаас нэг удаа тодорхой хэмжээний буцалтгүй тусламж олгох саналыг холбогдох газрууд нааштай хүлээн авч, судлахаа илэрхийлсэн аж. Улсын хэмжээнд нийт 240 мянга гаруй алдарт эх бүртгэгдсэн бөгөөд үүнээс 40 мянга орчим нь нэгдүгээр зэргийн одонтой аж.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллана.

Б.Туул

Related news