"Дэлхийн зөн"-гийн дэмжлэгтэйгээр “Хүүхэд хөгжлийн ордон” барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-24 22:52:49

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт аймгийн Засаг дарга А.Энхболд, Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар гарын үзэг зурав.

Дэлхийн Зөн Олон улсын байгууллага нь Дархан-Уул аймагт 2002 оноос хойш аймгийн нийгмийн хөгжлийн салбарын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын “Дархан Нутгийн Хөгжлийн хөтөлбөр”-өөс эрхлэн хуучин Дарханы нутаг дэвсгэрт "Хүүхэд Хөгжлийн Ордон" барихаар төлөвлөж зураг төсвийг нь 2015 онд хийлгэжээ. Улмаар уг ордны санхүүжилтын тэн хагасыг нь өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэж үлдсэн хагасыг нь орон нутгийн төсвөөс гаргаж өгөхийг аймгийн удирдлагуудаас хүссэний дагуу аймаг шийдвэрлэсэн болохыг гарын үсэг зурахын өмнө талууд онцлон тэмдэглэв.

Мөн “Хүүхэд хөгжлийн ордон”-д хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд Дэлхийн зөн ОУБ-ыг төлөөлж Хойд бүсийн захирал Д.Цэнджав, Дархан Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн менежер У.Ганцэцэг, аймгийн ЗДТГ-ыг төлөөлж аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, ХБХ-ийн дарга Д.Баасанжав, ХЗХ-ийн дарга П.Энхбат, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар гарын үсэг зурж аймгийн Засаг дарга А.Энхболд, Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар баталгаажууллаа.

Уг ордны барилга нийт нэг тэрбум 53 сая төгрөгийн өртөгөөр баригдах бөгөөд барилгын ажил энэ хавар эхлэж энэ ондоо багтааж ашиглалтад оруулах аж. “Дэлхийн зөн” ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардс:-“Дархан-Уул аймгийн тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүрдүүлэхийн төлөө аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн ОУБайгууллага нь 14 жил хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлж тэдний хөгжлийн төлөө олон талт ажлуудыг хийсэн. Тэдгээрийн үргэлжлэл болгож манайх 500 гаруй сая төгрөгийг энэхүү Хүүхэд хөгжлийн ордонд зориулах болсонд бид баяртай байна” гэв.

                                                       Б.Норовсамбуу

Related news