Хятад маргаантай арлууд руу сөнөөгч онгоцуудаа илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-24 15:35:04

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хятадын эрх баригчид Өмнөд хятадын тэнгис дэх маргаантай арлууд руу сөнөөгч онгоцуудаа илгээсэн тухай Америкийн телевизийн “Fox News” компани мэдээлжээ.

Тус сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, J-11 сөнөөгч онгоц болон JH-7 сөнөөгч-бөмбөгдөгч онгоц Параселийн арлуудын Юнсиндао /Вуди/ аралд байрлаж байгаа аж. Уг онгоцуудыг сүүлийн үед Америкийн цэргүүд ажигласан бололтой.

Хятад улс зенитийн пуужингийн найман HQ-9 цогцолбор бүхий “хоёр батарейг” уг аралд  байрлуулсан тухай “Fox News” суваг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Тус сувгийн мэдээлэлтэй холбоотойгоор тухайн үед АНУ болон Зүүн Өмнөд Азийн зарим орон Хятадыг эрс шүүмжилсэн юм.

Хятад, Вьетнамын үйлдэл нь Өмнөд Хятадын тэнгис дэх түгшүүртэй байдлыг улам даамжруулж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Д.Жаргал

 

Related news