БНХАУ-ын Элчин сайд оюутнуудад хоёр улсын хөгжлийн асуудлаар лекц уншив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-24 13:16:34

МУИС-ийн индэр хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн зочноор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин уригдав.

Тэрбээр “Гар гараасаа барилцан хөгжиж, Хятад, Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвээр оюутнуудад илтгэл тавьсан юм.

Илтгэлдээ, Монгол, Хятад улсын хамтын ажиллагааны талаар болон “Хятадын мөрөөдөл” хэмээх Хятадын Засгийн газрын зорилтын хүрээнд одоо, ирээдүйд хоёр улс  хэрхэн харилцан ашигтай хөгжих талаар дурдлаа.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа төр засгийн хэмжээнд төдийгүй ард иргэдийн дунд хүчтэй хөгжиж байна гэдгийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, 2015 онд Монгол Улсын сая гаруй иргэн хятадад зорчсон бол тус улсаас 300 мянга гаруй иргэн Монголд жуулчлалаар иржээ. Мөн Хятад иргэдийг Монголд жуулчлалаар явуулах нөөц бололцоо бий. Жилдээ 200 сая гаруй хятад иргэд гадаадад жуулчлалаар явдаг, үүний 300 мянга гэдэг бага тоо. Үүнийг нэмэгдүүлэх  боломж бий.

Түүнчлэн  Монгол Улсын уламжлалт эдийн засгийн салбарт хөрөнгө оруулахаас гадна залуу үеийг сургах, чанартай боловсрол олгоход Хятадын Засгийн газраас анхаарал тавьж байна. Монгол дахь ЭСЯ ч гэсэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутны тоог нэмэх талаар томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар 10 мянга гаруй монгол оюутан хятадын их, дээд сургуульд суралцаж байгаа гэсэн тоо бий. Үүний 7000 гаруй нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэтгэлгээр суралцах оюутны тоог цаашид нэмэх гол түшиц сургуулиа МУИС хэмээн үзэж буйгаа онцлов.

Мөн инноваци, судалгаа шинжилгээний чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг дурдлаа.

Тус лекцэд МУИС-ийн бакалавр, магистр, доктор зэрэгтэй оюутнуудаас гадна олон улсын харилцаа, хятад судлалын оюутнууд оролцов.

Дашрамд дурдахад, МУИС-ийн индэр хөтөлбөрийн дараагийн зочноор ОХУ-ын Элчин сайд лекц унших юм байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news