Керри: Иран 50 орчим тэрбум доллар авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-24 10:48:35

ТЕГЕРАН. /IRNA/. Цөмийн гэрээг хэрэгжүүлснээр Иран 50 орчим тэрбум доллар авна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Иран ямар хэмжээний мөнгө авах талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа бөгөөд энэ талаар Сенатын танхимын Гадаад харилцааны хороо Керригээс тодруулахад, тэрбээр 50 орчим тэрбум доллар гэж хариулжээ.

Олон улстай байгуулсан цөмийн гэрээг Иран өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлснээр, битүүмжлэгдсэн 100 тэрбум орчим долларын хөрөнгөө авах боломжтой болсон боловч хөрөнгийн дийлэнх нь өр болон бусад төлбөрт суутгагдсан байна. Иран 150 тэрбум доллар авна гэж өмнө нь мэдээлж байсан билээ.

Д.Нямтулга

 

Related news