П.Энхбаатар: Цас хатуурсан болохоор мал бэлчээрлэхэд хүндхэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:38:28

Хэнтий аймгийн урд сумдуудаар өвөлжилт хүндэрч байгаа учир МСҮТ-өөс өвөлжилт хүндэрч байгаа сумдуудад тусламжийн хандив тараах аяны анхны тусламжийг Галшар суманд өглөө. Тиймээс Галшар суманд өнөөдрийн байдлаар өвөлжилт хэр байгаа талаар тус сумын  Засаг дарга П.Энхбаатартай цөөн хором ярилцлаа.

-Галшар суманд өнөөдрийн байдлаар цаг агаар ямархуу байна. Энэ жил  танай суманд өвөлжилт хэр болж байгаа вэ?

-Галшар суманд 11 сарын дундаас эхлээд өнөөдрийн байдлаар нийтдээ 26 удаа цас орсон байна. Ерөнхийдөө тал газраараа 20-27 см зузаан цастай бөгөөд хунгарласан газраа цасны зузаан их байна. Тиймээс нийт нутгаар цасан бүрхүүл одоо болтол хэвээрээ байгаа. Наад талдаа өвсний ургац их болохоор энэ талдаа хөнгөвтөр байгаа гэж үзэж байна. Зарим газраар эрээших байдалтай болоод байна. Сумаас цааш 40 км-т цас хэвээрээ байгаа учир өвөлжилтийн байдал малчдын хувьд нилээд хүндрэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Галшар суманд зам бага хэмжээгээ онгойж байна.  Мөн цасан дээр өвс байхгүй учир мал цасаа ухаж идэж байгаа. Өдрийн наранд бага зэрэг хайлмагтаад шөнөдөө царцаж хоносон төлөвтэй л байна даа.

-Цас хатуурсан энэ нөхцөлд малын бэлчээрлэлт хэр байгаа вэ? Ямар нэгэн хорогдол гарч байна уу?

-Цасан дээр өвс байхгүй учир мал цасаа ухаж идэж байгаа. Өдрийн наранд бага зэрэг хайлмагтаад шөнөдөө царцаж хонож байна. Тиймээс цас хатуурсан учир бог мал бод мал бэлчээрлэхэд хүндхэн байна. Үүнээс болж малын шилбэ халцарч, доголож байгаа бөгөөд мал хээл хаях тохиолдол гарч эхэлж байна.

- Засаг даргын нөөцөд хичнээн тн өвс бэлтгэсэн бэ. Өвөлжилт хүндхэн энэ үед ямар бэлтгэл ажлыг хийж байна.

-Өмнөх жилүүдээ бодвол өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс худалдан авах, өвс хадлан бэлтгэх, тэжээл нөөцлөх зэрэг бэлтгэл ажлыг сайн хийсэн байсан. Өнөөдрийн байдлаар аймгийн засаг даргатай уулзаад онцгой байдлынгазраас дэмжээд Шар талын улсын нөөцөөс хөнгөлттэй үнээр тээврийн зардал хөнгөлсөн байдлаар өвс татаж авах ажил ярьлаа. Энэ нь маргаашнаас хэрэгжиж эхэлж байна.Сумын Засаг даргын нөөцөд болон багуудын нөөц өвсөө 2000 гаруй боодол өвс байсан. Үүн дээр задгай өвс их байсан. Ер нь бол боломжийн хэмжээгээр нөөцөлсөн байсан

-Жилээс жилд отроор өвөлжих малчид ихэссээр байгаа. Тэгвэл Галшар суманд отроор өвөлжих малчид хэр байгаа вэ?

-Тиймээ. Жилээс жилд ихсэж байна. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулбал Дорноговь аймаг, Сүхбаатар, Говьсүмбэр 3 аймгийн 5-6 сумын 80 гаруй мянган мал отроор өвөлжиж байна.

-Өвөлжилт хүндэрсэн сумдуудад МСҮТ-өөс тусламжийн хандив өглөө. Энэхүү хандивыг ямар айлуудаар тараах вэ?

-Малчдаараа явж судалгаа авахад одоогийн байдлаар хүнсний нөөц багассан айлууд байгаа Тэр айлуудаараа л тараана.

-Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Цаг наашилж байгаа ч цасны зузаан хэвээрээ байгаа учир нөөц өвс хуримтлуулж малчдаа тараах бодолтой байна. Одоо цаг агаар ийм байгаа учир хавар цаг ямар байхыг таашгүй л байна. Тиймээс Сумын засаг даргын газраас МСҮТ-өөс санаачлан хэрэгжүүлсэн тусламжийн хандивын аянг үргэлжлүүлэн хийх бодолтой байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news