Их Британийн томоохон компаниуд тус улсыг ЕХ-нд үлдэхийг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-22 14:06:09

ЛОНДОН. /TASS/. Их Британийн томоохон 100 компанийн удирдлагуудын тал хувь нь тус улсын Европын Холбоон дахь /ЕХ/ гишүүнчлэлийг дэмжиж байгаа бөгөөд Ерөнхий сайд Дэвид Кэмероныг дэмжиж буйгаа энэ долоо хоногт илэрхийлнэ.

“Financial Times” сонинд мэдээлснээр, Кэмероны тамгын газар одоогийн байдлаар 100 компанийн 50 орчмынх нь дэмжлэгийг авсан байна.

Энд нефтийн “BP” корпораци, уул уурхайн “Rio Tinto”, харилцаа холбооны “Vodafone” болон “BT”, батлан хамгаалахын салбарын “BAE Systems”, “HSBC” банк зэрэг томоохон компаниудын тухай яригдаж байна гэж тус сонинд мэдээлжээ.

“Financial Times” сонинд тэмдэглэж буйгаар, Их Британи шинэчлэгдсэн ЕХ-нд үлдсэнээр “хүчтэй, аюулгүй, баян” байх тухай дурдсан нээлттэй хамтарсан захидлыг тэд энэ сарын 23-нд нийтлэх ёстой байна. Уг захидалд харьцангуй жижиг боловч Их Британи болон олон улсын бизнесийн орон зайд чухал байр суурь эзэлдэг компаниудын удирдлагууд гарын үсэг зурах ёстой аж.

Үүний сацуу Их Британийн жижиглэнгийн худалдааны томоохон компаниуд болох “Tesco” болон “Sainsbury”-гийн удирдлагууд үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд улсынхаа ЕХ-н дахь гишүүнчлэлийг хадгалж үлдэхийн тулд идэвхтэй ажиллаж байгаа Кэмероныг дэмжихээс татгалзахыг илүүд үзэж байна.

Их Британи ЕХ-ны гишүүн хэвээр үлдэх эсвэл тус холбооноос гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 23-нд явуулахаар болсныг Дэвид Кэмерон өнгөрсөн бямба гарагт мэдээлжээ. Тэрбээр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр ийм санал асуулга явуулах амлалт өгч байсан юм. Их Британийн Засгийн газар тус улсыг ЕХ-нд үлдэхийг дэмжжээ.

Д.Жаргал

 

Related news