Эрдоган: Турк Сирид цэргийн ажиллагаа явуулах эрхтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-22 09:31:43

АНКАРА. /Sputnik/. Аюул заналхийлж байгаа Сирид эсвэл бусад газарт Турк цэргийн ажиллагаа явуулах эрхтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган мэдэгдэв.

Сирид эсвэл “террорист байгууллага” байж болох газар бүрт Турк цэргийн ажиллагаа явуулах эрхтэй гэж Реджеп Тайип Эрдоган бямба гарагт болсон бага хурлын үеэр мэдэгдсэн тухай “Hurriyet” сонинд мэдээлжээ.

“Сирийн байдал бол “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хянаж чадахгүй байгаа улсын бүрэн эрхт байдлын тухай асуудал биш”. Туркийг чиглэсэн террорист ажиллагаанаас өөрийгөө хамгаалах бидний эрхийг хэн ч хориглож, зогсоож чадахгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Хилийнхээ ойролцоох хот болон агаарын цэргийн баазаас лалын дайчдыг Турк шахан гаргасныхаа дараа буюу энэ сарын 13-нд Сири дэх Курдын “Ардын хамгаалах нэгж”-ийн /YPG/ байрлалд цохилт өгч эхэлсэн байна.

YPG нь Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа хамгийн үр дүнтэй хүчнүүдийн нэг боловч тус нэгжийг Турк террорист байгууллага гэж үздэг байна. Учир нь “Ардын хамгаалах нэгж” нь Туркийн зүүн өмнөд нутгийн Курдын Хөдөлмөрийн намтай /РКК/ холбоотой ажээ.

Д.Нямтулга

 

Related news