Отгонтэнгэр хайрханы зүгт солонго татах тохиолдол гарч байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:35:19

Завхан аймгийн төв Улиастай хотод энэ сарын 11-нд буюу Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-нд байгалийн сонирхолтой үзэгдэл болжээ.

Тодруулбал, шинийн 3-ны өдөр 11 цаг 45 минутын /морин цагт/ орчимд аймгийн төвийн зүүн урд зүг Отгонтэнгэр хайрхан орших зүгт барын хэлбэр бүхий Товцог хайрханы орой дээр тэнгэрт үүлэн дунд Очирваань Отгонтэнгэр хайрханы дүрс тодрон гарч иржээ.

Энэхүү байгалийн онц сонирхолтой үзэгдлийн зургийг нутгийн оршин суугчид өөрсдийн гар утсандаа буулган авчээ. Завхан нутгийнхан энэ байгалийн гэмээр үзэгдлийг их билэгшээж энэ бичин жилд нутгийн зон олон минь сайн сайхан аж төрнө хэмээн сүжиглэж буй юм. Сонирхуулахад Очирваань Отгонтэнгэр хайрхан маань өөрөө тэнгэрт ингэж харагдаж байгаагүй. Харин өнгөрсөн хоёр жил дараалан хаврын тэргүүн сарын шинийн 8-нд аймгийн төвөөс зүүн урд зүгт буюу Отгонтэнгэр хайрханы зүгт солонго татаж байсан байна.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй.

Б.Мягмарсүрэн

 

Related news