1000 тэмээ уралдуулах бэлтгэл ажил 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:59:23

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ. Уг арга хэмжээ нь тоо толгой нь цөөрч буй хоёр бөхт тэмээ, тэмээчний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Одоогийн байдлаар бэлтгэл ажил нь 80 хувьтай байна гэж зохион байгуулагчид хэлж байна.

Өмнөговь аймагт Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан гэсэн үүлдэрийн тэмээгээ өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч олон ажлуудыг зохион байгуулдаг юм. Үүнээс жил бүр зохион байгуулдаг “Ингэний айрагны баяр”-аар хэрэглэгчдээ тэмээний сүү цагаан идээгээр хангадгийг онцгойлон дурдах нь зүйтэй юм. Харин энэ удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох, хоёр бөхт тэмээгээ дэлхийд таниулахаар Өмнөговь аймаг дангаараа 1000 тэмээ уралдуулахаар бэлтгэж байгаа юм. Энэхүү арга хэмжээг Тэмээний уралдаан хариуцсан ажлын хэсэг, Ёслол хүндэтгэл хариуцсан ажлын хэсэг, Геннест бүртгүүлэх ажлын хэсэг, Тэмээчдийн зөвлөгөөн хариуцсан ажлын хэсэг гэсэн дөрвөн салбар комисс аймгийн Засаг дарга Б.Бадраагаар ахлуулан ажиллаж байна.

“Монгол тэмээ 999” арга хэмжээ 3-р сарын 6-7-ны өдрүүдэд Даланзадгад суманд болох юм. Тэмээний уралдаан нь 7-ны өдөр болох бөгөөд 6-нд тэмээтэй холбоотой зан үйлийн уралдаан тэмцээн, үзэсгэлэн худалдаа болох ажээ. Зэргэлдээ Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудаас тэмээний уралдаанд оролцох саналаа ирүүлээд байгаа учраас 1000 давсан тэмээ уралдах байх гэж ажлын хэсгээс мэдээлж байна.

Мөн олон тэмээг нэг зэрэг уралдуулах боломжгүй учраас таван гараанаас зэрэг гаргах ажээ. Гараа бүрийг хариуцсан мэргэжлийн баг ажиллах юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news