Ш.Наранцэцэг:Энэ жил цэвэр усны шугам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:37:14

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Ш.Наранцэцэгтэй уулзаж ирж буй бичин жилдээ ямар зорилт тавин ажиллаж байгаа талаар ярилцлаа.

-Сайн байна уу, та. Сайхан хаваржиж байна уу. Баруунбүрэн сум маань Сэлэнгэ аймгийн алслагдсан сумдын нэг. Улиран одож буй хонь жилээ ямар ололт амжилтаар үдэв. Өвөлжилт хэр байв даа. Эндээс яриагаа эхлэх үү?

-Сайн, байна уу? сайхан хаваржиж байна. Манай сумын хувьд өвөлжил тавтай сайхан байлаа. Бид жилийн эцсийн мал тооллогоор 165 мянган толгой мал тоолуулсан. Энэ маань нийт 42 өрх дээр өвөлжиж байна. Манай сумын нийт өрхийн 50 хувь нь малчин өрх байдаг. Энэ өвлийн хувьд цасны хувьд зузаан их биш ч гэсэн зундаа орйотож өвс ургамал ургасан болохоор цас оронгуут бэлчээр хомс болсон. Малчид маань уул, хад, дов, жалгаараа малаа бэлчээж байгаа. Мөн өөрсдийнхөө нөөц бололцоон дээр тулгуурлан халай, царгас болон бусад тэжээлийн ургамал бэлтгэж аваад малаа тэжээгээд өвлийг өнтэй давлаа. Хонь жилийнхээ ажлын амжилтаар манай сумаас Пүрэвжав маань аймгийн аварга малчин боллоо. Хонь жилдээ бид олон бүтээлч ажлуудыг хийсэн. Орон нутгийнхаа хөгжлийн сангаар малчдын хороолол шинээр байгуулсан. Сумын төвдөө байдаг малтай хүмүүсээ төвөөсөө арай зайдуухан байрлуулж хороолол үүсгэлээ. Тэдгээр айлуудынхаа дунд цахилгааны шугам татах, ундны усаар хангах гүний худаг гаргалаа. Мөн Баруунбүрэн сум шинээр хогны машинтай болсон. Түүнчлэн хүүхэд, залуусынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх спортын талбайгаа тохижуулсан гээд олон ажлуудыг шинээр хийсэн байгаа.

-Танай сум чинь малчид ихтэй байх аа. Аймгаас малын тоог нэмэгдүүлэх бус, эрчимжүүлэх тал дээр бодлого барьж байгаа. Энэ чиглэлд танай сум хэрхэн анхааран ажиллаж байна даа?

-Манай сум тариалангийн талбай маш ихтэй. Иймээс сүүлийн жилүүдэд малчид маань малаа эрчимжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, үүлдэрлэг, таваарлаг байдал руу анхаарлаа хандуулж байна. Аварга малчин маань ч энэ бодлогын хүрээнд ажиллаж, өөрөө бас бэлчээрээ хашиж хамгаалах, бэлчээрийн ургамал тариалах, малынхаа толгойг цөөрүүлж мах, сүүний чиглэлийн үхэр үржүүлэн ажиллаж байгаа. Манай сум малчин өрх олон байдаг. Ийм учраас эднийхээ амьдрах нөхцөл байдлыг сайжруулах тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Тухайлбал малчдын мал угаах банныг шинээр хийж, засварлалаа. Мөн зарим малчидтай хамтарч сумаас хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж малчдын худгуудыг засаж сайжрууллаа.

-Ирж буй бичин жилдээ ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-2016 ондоо бас л малчид руугаа түлхүү анхаарна. Урд жилд хийсэн бүтээн байгуулалтын дутуу хийгдсэн “Бүрэнхаан” цогцолбороо гүйцээж хийнэ. Мөн сумын төвд олон айл өрх шинээр газар авсан. Үүнтэй уялдуулж шинээр цахилгааны шугам татах, худаг гаргах ажил үргэлжлэн хийгдэнэ. Хамгийн чухал нь иргэдээ ундны цэвэр устай болгох зорилгоор инженерийн цэвэр усны шугам тавихаар төлөвлөсөн байнаа. Энэ ажил маань бидний хамгийн том ажил байх болно.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news