Гэмт хэргээс сэргийлэх талаарх сумдын ажилтай танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:32:50

Бичин жилийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаан болж, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд “School Police” ажиллуулах журмыг хэлэлцэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулан шийдвэрүүлэхээр тогтжээ.

 Тус хуралдаанаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, энэ онд өссөн гэмт хэргүүдийн шалтгаан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн газрын мэдээлэл, аймгийн ГХУСАЗ Зөвлөлөөс 2015 онд зохион байгуулсан ажлын мэдээлэл, аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар, хүүхэд үйлдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар БСГ-аас зохион байгуулсан ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллүүдийг тус тус сонсож хэлэлцсэн байна.

Мөн аймгийн ГХУСАЗЗ-өөс 2016 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төслийг Зөвлөлийн гишүүдэд танилцуулж, өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх ажлуудын саналыг авчээ. Түүнчлэн 2015 онд өссөн гэмт хэргүүдийг бууруулахад чиглэгдсэн ажил арга хэмжээнүүдэд анхаарч хамтран ажиллахаар болсон байна. Хуралдааны үеэр аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүдээс сумдын ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагааг шалган туслах ажлын хуваарийг гарган зөвлөлийн гишүүдээс санал авч, шалган туслах ажлын удирдамж чиглэлийг хэлэлцэн 3 дугаар сард Зөвлөлийн гишүүд хариуцсан сумдын ажилтай биечлэн танилцаж, шалгалтын ажлын дүнг Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Тус хуралд зөвлөлийн дарга Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, нарийн бичгийн дарга С.Баяржаргал, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, аймгийн Прокурор Ж.Мөнхжаргал, Цагдаагийн газрын дэд дарга д/х А.Энхбат, Тагнуулын газрын дарга х/а Ц.Өлзийдүүрэн, Онцгой байдлын газрын дарга х/а Г.Баатар, Хилийн бүрэн эрхт төлөөлөгч х/а Х.Дамдинсүрэн, ШША-ны дарга х/а Д.Ганхуяг, Хилийн 0101-р ангийн захирагч х/а С.Энхсүх, МХГ-ын дарга Д.Энхсайхан, аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо, БОАЖ-ын газрын дарга Б.Батзориг нар оролцжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news