Саудын Араб нефть олборлолтынхоо хэмжээг бууруулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-02-19 10:03:51

ЭР-РИЯД. /Reuters/. Саудын Араб нефть олборлолтынхоо хэмжээг бууруулахад “бэлэн биш” байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Адиль аль-Жубейр мэдэгджээ. Нефтийн үнэ унахаас урьдчилан сэргийлэхийн тулд нефть экспортлогч орнуудаас чухам Саудын Араб үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулах ёстой гэдэг санаачилгыг Ираны эрх баригчид гаргасан байна.

“Хэрэв бусад үйлдвэрлэгчид олборлолтдоо хязгаар тавихыг эсвэл зогсоохыг зөвшөөрөхийг хүсч байгаа бол, хэрэв нэмэлт олборлолтын тухай яригдвал, энэ нь зах зээлд нөлөөлнө. Гэхдээ Саудын Араб олборлолтынхоо хэмжээг бууруулахад бэлэн биш байна” гэж тус улсын Гадаад хэргийн сайд хэлжээ.

Нефть үйлдвэрлэгч томоохон орнууд, эн түрүүнд Саудын Араб олборлолтоо зайлшгүй бууруулах шаардлагатай гэж Иран улс үзэж байгаа тухай нефтийн салбарын эх сурвалжууд урьд нь хоёрдугаар сарын 18-нд мэдээлсэн юм.

Мягмар гарагт буюу хоёрдугаар сарын 16-нд Катарын Доха хотод ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак болон Саудын Араб, Венесуэл, Катарын төлөөлөгчид хооронд болсон уулзалтын үеэр 2016 онд нефтийн олборлолтын дундаж хэмжээг хэрэв нефть олборлогч бусад орон зөвшөөрвөл өнгөрсөн оны нэгдүгээр сарын түвшинд хадгалахаар тохиролцжээ.

Ираны Нефтийн сайд Бижин Намдар Зангане Венесуэл, Ирак, Катарын түншүүдтэйгээ хэлэлцээ хийснийхээ дараа олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзах саналыг дэмжиж байгаагаа хоёрдугаар сарын 17-нд мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

Related news