Сумдад ажилладаг даатгалын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-18 16:55:34

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар “Ажил хэрэгч өглөөний цай” уулзалтыг өнгөрсөн сараас байгууллагуудад цувралаар зохион байгуулж эхэлсэн. Энэ удаа аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст үргэлжилж уг уулзалтад аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тунгалаг-Тамир нар оролцож тус байгууллагын ажил үйлчилгээний байдалтай танилцаж, цаашид салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал солилцов.

Тус хэлтэс нь 45 ажилтан, Санхүү бүртгэл, Орлого бүртгэл хяналт, Нийгмийн даатгалын үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгал зэрэг дөрвөн албатай, 13115 тэтгэвэр авагч, 93.5 мянган даатгуулагчдад нийгмийн даатгалын ажил үйлчилгээг хүргэж 1574 аж ахуй нэгж байгууллагатай харилцаж ажилладаг. Эднийх одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 483 байгууллага, ажил олгогчоос 4 тэрбум 516 сая төгрөгийн авлагатай байна. Тэдгээр байгууллагуудын өрийг барагдуулах ажлыг тус хэлтсээс эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулах шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргав.

Тэрээр 2015 оны дүнгээр Нийгмийн Даатгалын хэлтэст нийт 1688 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж 26666 гаруй ажиллагсад нийгмийн даатгалын санд шимтгэл төлжээ. Мөн нийгмийн даатгалын санд сайн дурын даатгалд 7341 даатгуулагч, 1306 малчин иргэн, 10980 ажил хөдөлмөр эрхлээгүй даатгуулагчийг эрүүл мэндийн даатгалын санд хамрууллаа гэж тус хэлтсийн дарга Л.Эрдэнэбилиг мөн үеэр хийсэн мэдээлэлдээ дурдав.

Тэрчлэн Шарын гол, Орхон, Хонгор сумдад ажилладаг ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин урамшууллыг нэмэх боломж бололцоог судалж санал оруулахыг  аймгийн Засаг дарга А.Энхболд тус Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга Л.Эрдэнэбилэгт даалгав. 

                                            Б.Норовсамбуу

Related news