Обама гуравдугаар сард Куба улсад айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-18 10:21:40

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гуравдугаар сараас хэтрэхгүй Куба улсад айлчлахаар бэлдэж байна гэж Ройтерс агентлаг тус улсын төрийн тэргүүний төлөвлөөг мэддэг эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Обамагийн Кубад хийх айлчлалтай холбоотой шийдвэрийг Цагаан ордон ирэх хоёр сарын хугацаанд гаргаж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхийн орлогч Бен Родс нэгдүгээр сарын эхээр мэдээлсэн байна.

Куба улстай харилцаагаа сайжруулах “түүхэн” санаачилгаа Цагаан ордон өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур мэдэгдсэн билээ. Уг санаачилгад 1961 онд тасалсан дипломат харилцааг сэргээх, хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, цаашид хоёр оронд зорчиход тавьсан хоригийг цуцлах, Америкийн зээлийн картыг Кубын нутаг дэвсгэрт ашиглахыг зөвшөөрөх зэргийг тусгажээ. Үүний сацуу, АНУ-ын Засгийн газар Кубад авсан хориг арга хэмжээгээ цуцлахаар төлөвлөж байгаа боловч Конгресс нь ойрын хугацаанд ийм арга хэмжээ авах шинжгүй байна.

Д.Жаргал

 

Related news