Өмнөд Солонгост “THAAD” систем байрлуулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-18 09:45:59

ВАШИНГТОН. /RIA Novosti/.  Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Америкийн хамгийн сүүлийн үеийн систем болох “THAAD”-ийг Солонгосын хойгт байрлуулах асуудлаарх албан ёсны хэлэлцээг АНУ болон Өмнөд Солонгос хийж эхэллээ гэж Пентагоны төлөөлөгч Билл Урбан мэдээлжээ.

“Ажлын хамтарсан хэсэг хэдийн уулзаж, зөвлөгөөөн үргэлжилж байгааг би нотлон хэлж чадна” гэж Урбан Өмнөд Солонгосын Ёнхап агентлагт хэлсэн байна. Түүний хэлснээр, хэлэлцээг хэдийд дуусгах нь тодорхойгүй байна.

“THAAD” системийг Умард Солонгосын ойрын болон дунд тусгалтай пуужинг амдан сөнөөх зорилгоор байрлуулах гэж байгаа гэдгийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд урьд нь батлан хэлжээ. Ёнхап агентлагийн мэдээлж буйгаар, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах энэ системийн батарейг Кёнсан-Пукто болон Кёнсан-Намдо мужид байрлуулах аж. АНУ болон Өмнөд Солонгосын эрх баригчид уг системийг “аль болох хурдан” байрлуулах бодолтой байна гэж тус агентлагийн эх сурвалж хэлжээ.

Хоёр орны энэ төлөвлөгөөнд санаа зовинож буйгаа Хятад болон Оросын эрх баригчид илэхийлсэн юм. “THAAD” системийг байрлуулснаар Солонгосын хойгийн байдал тогтворжиход нөлөөлөхгүй гэж тэд мэдэгджээ.

“THAAD” системийг байрлуулах асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчин нэгдүгээр сарын 6-нд цөмийн туршилт явуулсны дараа болон хоёрдугаар сарын 7-нд хиймэл дагуул бүхий баллистик пуужин хөөргөсний дараа гаргасан байна.

Д.Жаргал

 

Related news