Гэмт хэрэг буурч, захиргааны зөрчил ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 17:50:09

Сар шинийн баяраар Өвөрхангай аймагт хоёр хүн амь насаа алдсан байна. Богд суманд хоёр мотоцикльтой хүн мөргөлдөж 15 настай Х нас барсан бол Хархорин суманд иргэн Я айлд золголтоор явах үедээ эрүүл мэндийн шалтгаанаар нас эцэслэжээ.

Тус өдрүүдэд аймгийн Цагдаагийн газар 61 дуудлага хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 8, захиргааны 53 зөрчил гарсан байна. Үйлдэгдсэн 8 гэмт хэргийн 5 нь өмчийн хулгай бол 2 нь авто осол, 1 нь бусад төрлийн гэмт хэрэг байна.

Онги голын шалган нэвтрүүлэх постоор 2520 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлснээс 166 зөрчил илрүүлж, 14 тээврийн хэрэгслийг саатуулж, 11 иргэнд 259 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт харьцангүй буурч, бусдын амгалан тайван байдал алдагдулсан гэх мэт захиргааны зөрчил нэмэгдсэн болохыг тус албанаас мэдээллээ. Мөн орон байрны хулгай ихсэж байгаа тул золголтоор явахдаа гэр орноо хөрш айл, бусдад сайтар захиж үлдээхийг нийт иргэдэд анхааруулж байна.

 Өвөрхангай Б.Батчимэг

Related news