“Их говийн тэмээ” өдөрлөг хоёр дахь удаагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-17 17:04:43

Тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж, улсдаа тавдугаарт жагсдаг Өлзийт суманд өчигдөр “Их говийн тэмээ” өдөрлөг болж өндөрлөлөө.

Дундговиос гадна Өмнөговь аймгийн тэмээчид өдөрлөгийн уламжлалт тэмцээн уралдаануудад хурд хүч сорин өрсөлдсөн бол БНЭУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнийн урилгаар “Их говийн тэмээ”-г үзэж сонирхжээ.

Сүүлийн жилүүдэд Дундговь аймгийн сум бүр тэмээгээ өсгөх бодлого баримталсанаар  тэмээн сүргийн тоо толгой тасралтгүй өсч, тэмээтэй малчин өрхийн тоо нэмэгдэн өнгөрсөн оны эцэс гэхэд Дундговь аймаг 30 мянга 700 толгой тэмээтэй болоод байгаа юм. Тэмээн сүргээ тогтмол өсгөж ирсэн малчдын амжилтыг тодотгож, цаашид тэмээн сүргийнхээ тоо толгойг тасралтгүйгээр өсгөн, тэмээнийхээ ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг хөшүүрэг болгох зорилгоор “Их говийн тэмээ” өдөрлөгийг аймгийн ИТХ, ЗДТГ санаачлан зохион байгуулдаг болжээ.

Өнгөрсөн жил Дэлгэрхангай сумаас эхэлсэн “Их говийн тэмээ” өдөрлөг энэ удаа Өлзийт суманд ийнхүү болсон юм.

Өдөрлөг уламжлал ёсоор тэмээчдийн жагсаалаар эхэлж, тэмээ хомнож жин тээх, нүүдэллэх уламжлалыг үзүүлэн, атан тэмээ, тором  уралдуулж сайхан хос тэмээ болон шилмэл буур, ингэ шалгаруулах уралдаан тэмцээнээр үргэлжилсэн. Тэмцээн уралдааны дүнг тоймлоход, атан тэмээний уралдаанд Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумын малчин Тодгэрэлийн ат, торомны уралдаанд Өмнөговь аймгийн Цогт- Овоо сумын Баттөрийн тором тус тус түрүүлсэн бол буйл зорж, бурантаг томох тэмцээнд Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р багийн малчин Х. Баянжаргал, 4- р багийн малчин Ч. Мэндбаяр нар хамгийн өндөр оноо авчээ.

Өлзийт сумын 3-р багийн малчин Нармандахын буур, 5-р багийн  Мөнхтөгсийн ингэ шилмэлээр шалгарсан бол Дундговь аймгийн Гурвансайхан сумын Д. Хорлоогийн бэлдсэн цагаан идээ, Өлзийт сумын Б. Адъяагийн урласан тэмээний ноосон бүтээгдэхүүн шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртсэн байна. Мөн өдөрлөгийн хамгийн сайхан хос тэмээгээр Өлзийт сумын 5- р багийн малчин Эрдэнэбаяр, Баярмаа нарын унасан тэмээ шалгарлаа.

T. Отгонтуяа

 

Related news