Зика вирус Олимпыг зогсоож чадахгүй

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-02-17 15:36:58

Дэлхий даяар, ялангуяа Өмнөд Америк тивд Зика хэмээх вирус асар хурдтай тархаж буй тухай түгшүүрт мэдээ түгсээр байгаа боловч Бразилд болох 2016 оны Олимпийн наадмыг хойшлуулах, цуцлах эсвэл уралдаан тэмцээний хуваарьт өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Сануулан дурдахад, 2009 оны 10 дугаар сард ОУОХ Бразилийн Рио-де-Жанейро хотод 2016 оны Олимпийг зохион байгуулах эрхийг олгосон билээ. Тухайн үед Бразилийн энэ хот Токио, Прага, Баку, Москва, Доха, Чикаго, Мадрид зэрэг хүчтэй өрсөлдөгчдөө ялж байж дээрх эрхийг авсан болой.

Африк тивийг сандаргаж, 10 мянга гаруй аминд хүрээд байсан Эбола вирусыг устгах вакциныг эрдэмтэд арайхийн гаргаж аваад байж байтал Өмнөд Америк тивд өөр төрлийн бас нэгэн вирус тархлаа. 2014 онд Хятадын Нанжин хотод Залуучуудын Олимпийн тоглолт болох үеэр дэлхий даяар Эбола вирус ид тархаж байсан тул Африк тивийн хэд хэдэн орны баг тамирчдыг уг наадамд оролцуулаагүй тохиолдол бий.

Зика вирус тархсан эгзэгтэй энэ үед Бразилийн Рио-де-Жанейро хотноо 8 дугаар сарын 5-21-ний өдрүүдэд Өмнөд Америкт анх удаагаа Олимпийн тоглолт  болох гэж байгаа учраа бразилчууд нэр төрөө ихэд хичээж, спортын энэ нүсэр наадмыг амжилттай зохион байгуулахын тулд боломжтой бүхнийг хийж байна.

Рио-гийн Зохион байгуулах хорооны мэдэгдэж байгаагаар бол, вирусын тархалтыг зогсоохын тулд Рио-де-Жанейро болон хөлбөмбөгийн тэмцээн болох зэргэлдээх дөрвөн хотын спортын бүх объектуудад өдөр бүр үзлэг хийж, тухайн барилга байгууламж дотор вирус тээгч шумуул үржихэд таатай нөхцлийг бий болгодог тогтоол ус хуралдсан эсэхийг сайтар хянаж байна. Одоогийн байдлаар, олимпийн нийслэлд вирус тархсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Рио-де-Жанейро шиг аварга том хотуудад шумуул амьдрах нөхцөл бараг үгүй учраас Олимпийн тоглолтын үеэр тамирчид, жуулчид, хөгжөөн дэмжигчид сэтгэл амар байж болох нь. Ер нь бол, намгархаг газруудад шумуул үй олноороо үрждэг билээ.

Нөгөөтэйгүүр, Зика вирусыг тээгч шумуул нь 25-аас дээш хэмийн дулаанд амьдрах чадвартай аж. Тэгвэл Рио-де-Жанейро хотод 8 дугаар сард агаарын хэм өдөртөө хамгийн дээд тал нь +24-д хүрч Бразил оронд ид өвөл болж байх тул Олимпийн тосгонд өвчин дэгдэх магадлал бага.

Түүний сацуу, Бразил даяар бараг 500 мянган хүн вирус тараадаг шумуулыг устгах ажилд дайчлагдан оролцож байгаагаас 200 мянга нь армийн албан хаагчид юм. Бусад нь вирусээс хэрхэн хамгаалах талаарх товхимол, санамжуудыг тарааж байна.

Хэдийгээр вирус асар хурдтай тархаж байгаа боловч Бразилд очихоос албан ёсоор татгалзаж байгаагаа мэдэгдсэн үндэсний шигшээ баг одоогоор алга. Харин Кенийн Үндэсний Олимпийн хорооны тэргүүн Кипчоге Кейно л ганцаараа нэлээд сүржин мэдэгдэл хийж “вирусын тархалт тахлын хэмжээнд хүрсэн тохиолдолд Кенийн тамирчид 2016 оны Олимпийн наадамд оролцохгүй” гэсэн аж.

Түүний сацуу, АНУ-ын Үндэсний Олимпийн хороо спортын холбоодод хандан “вирусын халдвар авахаас эмээж буй тамирчдыг Олимпийн тоглолтод оролцуулах гэж хүчлэх хэрэггүй” гэсэн зөвлөмж өгчээ. Тус улсын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач, Олимпийн хошой аварга Хоуп Соло “хэрвээ Олимпийн тоглолт яг одоо Риод эхлэх байсан бол би тийшээ зүглэхгүй, харин аз болоход, Олимп хүртэл бараг 6 сарын зай байна. Тэгэхээр хүмүүсийн эргэлзээ болгоомжлолыг арилгахад цаг хугацаа хангалттай бий” гэж ярьжээ.

ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко хэлэхдээ “Оросын тамирчдын хувьд Зика вирусаас айх хэрэггүй, онцгой тохиолдолд шигшээ багийн нийт гишүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна” гэлээ.

Австралийн Олимпийн шигшээ багийн эмнэлгийн албаны ахлагч Дэвил Хьюз мэдэгдэхдээ “Рио-де-Жанейро-гийн усны чанар нь Зика вирусаас илүүтэйгээр тамирчдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” гэж анхааруулжээ.

Ер нь бол муугаар төсөөлөхөд, Зика вирус өндөр зэрэглэлийн тамирчдад халдварлаж, тэдний амжилтыг эрс бууруулах магадлал нэлээд өндөр. Учир нь эдгээр тамирчид ачаалал ихтэй байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг тул дархлаа нь энгийн хүмүүсийнхтэй харьцуулахад сул байдаг. Орчин үеийн спортод бүх зүйл доль, секундээр хэмжигдэж буй энэ үед шумууланд хазуулан халуурахад л олон жилийн нөр хөдөлмөр талаар өнгөрөх билээ.

Энэ онд Зика-гийн эсрэг вакцин гарган авна

Зика вирусийн халдвар авсан хүмүүст өвдөлт, халууралт, тууралтын шинж тэмдэг илэрдэг байна. Уг вирус анх 1947 онд Уганда улсын нутаг дахь Зика гэдэг ширэнгэн ойд амьдардаг бичнээс илэрсэн ба Aedes Aegypti гэх шумуулаар дамжин хүнд халдварладаг аж. Зика вирус насанд хүрсэн хүмүүст төдийлөн аюултай биш боловч жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой халтай. Уг вирусын халдвар авсан жирэмсэн эмэгтэйн хэвлийд бойжиж буй ургийн тархины хөгжил саатсанаар хэт жижигхэн толгойтой, оюун ухааны хомсдолтой, хараа, сонсгол муутай хүүхэд төрдөг байна. Хамгийн аюултай нь халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь энэ талаар ажиг сэжиггүй явдаг гэнэ.

Энэ вирусын талаарх ойлголт хомс, түүний эсрэг вакциныг гарган авч хараахан чадаагүй байгаа, эмчилгээ оношилгооны үр дүнтэй арга нэвтрээгүй байгаа хэдий ч эрдэмтэд зүгээр суусангүй, Зика-г дарах янз бүрийн аргыг эрж сүвэгчилсээр байна. Вирус судлаачдын таамаглаж байгаагаар, энэ оны эцэс гэхэд Зика-гийн эсрэг вакцин бэлэн болох гэнэ. Одоогоор түүнийг амьтад дээр туршиж байгаа бол оны хоёрдугаар хагаст хүн дээр туршилт хийж магадгүй.

Нэгэн жишээ дурдахад, Их Британийн Окситек гэдэг лабораторийн вирус судлаачид Зика вирустай тэмцэхийн тулд генийн өөрчлөлттэй шумуулуудыг ашиглахаар шийджээ.  Эдгээр шумуулуудыг Aedes Aegypti шумуулын хиймэл дардасын тусламжтайгаар генийн хувьд өөрчлөх бөгөөд ингэснээр шумуулууд үржиж олшрохоосоо өмнө үхэх юм.

Тус лабораторийн судлаачид өнгөрсөн онд OX513A дардас бүхий генийн өөрчлөлттэй 25 сая ширхэг шумуул гарган авсны дүнд нийт шумуулын “тоо толгойг” 82 хувиар бууруулж чадсан байна. Ингэснээр денге гэдэг вирусээр өвчилсөн тохиолдол эрс цөөрч байжээ.

Жирэмсэн тамирчид Олимпийн наадамд

Австралийн Үндэсний Олимпийн хорооноос хөл хүндтэй тамирчин бүсгүйчүүдийг Бразил руу явахгүй байхыг уриалсан байна. Харин Өмнөд Америкт нэгэнт очсон тохиолдолд биеэ сайтар халхалсан урт ханцуйтай цамц, урт өмд өмсөх, заавал агааржуулагчтай өрөөнд байрлах, ингэхдээ цонхоо онгойлгохгүй байх, өдөр унтахдаа шумуулны тор хэрэглэх, чийглэг газруудаар явахгүй байхыг зөвлөжээ. Энэ зөвлөгөө хөл хүндтэй хөгжөөн дэмжигчдэд ч мөн хамаатай.

Үүнтэй холбогдуулан сонирхуулахад, Олимпийн тоглолтын түүхэнд нийтдээ11 жирэмсэн эмэгтэй тамирчин уралдаан тэмцээнд оролцсон гэх албан ёсны тоо байдаг аж. Тэднээс Ванкуверт болсон Өвлийн Олимпийн тоглолтын үеэр илт том гэдэстэй байсан Канадын кёрлингийн шигшээ багийн тамирчин Кристи Мурыг онцлох нь зүйтэй. Тэрбээр алтан медаль авахад төдийлөн ач холбогдолгүй тоглолтод оролцсоноор багийнхныхаа хамт Олимпийн аварга болсон түүхтэй. Хөл хүндтэй түүнийг сэтгүүлчид тал талаас нь бүчин тойрч зургийг нь авч байсан нь спортын гэхээсээ илүү рекламын шинжтэй байлаа.

Бусад зарим тохиолдлуудаас дурдахад, 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд 5 жирэмсэн эмэгтэй оролцсоноос волейболын тамирчин Керри Уолш, мэргэн буудагч Кимберли Роуд нар алтан медаль хүртэж байв.

Дүгнэлт

Зика вирусын тархалт нь Олимпийн наадмыг зохион байгуулахад саад болохгүй гэж Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф дөрөв хоногийн өмнө мэдэгдсэнээр Олимпийн тоглолт болох эсэх талаарх бүхий л эргэлзээ тээнэгэлзэл нэг мөр тайлагдав бололтой. “Үүссэн нөхцөл байдал Олимпийг зохион байгуулахад саад болохгүй. Олимпийн тоглолт эхлэхээс өмнө вирус тээгч шумуулуудыг устгана” гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна.

Б.Адъяахүү

Related news