Шадар сайд уучлалт гуйхыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-17 13:57:54

Шадар сайд Ц.Оюунбаатар өөртэй нь холбоотой худал мэдээлэл түгээж, нэр төрд халдаж байгаа аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг уучлалт гуйхыг шаардсан мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлдээ, "Г.Шийлэгдамба нь “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр “Гэрт нэгжлэг хийж байх үед хоёр өмгөөлөгч ирж тэр бичгийг танилцуулан гарын үсэг зуруулсан” гэдгийг ойлгомжтой хэлсэн. Мөн гаалийн Х.Баатарын захидлыг Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан гэгч “Өдрийн сонин”-д аваачиж өгсөн гэдгээ тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч хангалттай зарласан байтал энэ бүхнийг Шадар сайд Ц.Оюунбаатар хийсэн мэтээр гүтгэсэн мэдээллүүд цацагдаж, энэ нь даамжирсаар хувь улстөрчийн нэр төрд бүдүүлгээр халдаж байгаа захиалгат явуулга хэлбэрээр үргэлжилж байгаад харамсалтай байна. Тэрхүү гүтгэлгийн чанартай мэдээллээ устгахыг шаардахад “500,000 төгрөг төлбөл устгана” хэмээн шантаажилж буй нэр бүхий зарим сайтуудыг энэхүү бусармаг үйлдэлдээ нэн даруй уучлал гуйхыг шаардаж байна. Бид шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандах болно" гэжээ.

Тэрбээр сонгууль дөхсөн энэ үед бохир улс төр явуулах нь хэрээс хэтэрлээ хэмээн үзэж мэдэгдэл гаргаж байгаа аж.

Б.Туул

Related news