Цагдаагийн алба хаагчид цасанд боогдсон иргэдийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-17 12:01:21

Завхан аймгийн Нөмрөг сумын хэсгийн төлөөлөгч цасанд боогдсон 15 хүний амь насыг аварчээ. 

Тодруулбал Нөмрөг сумаас Улиастай сум руу явж байсан микро автобус энэ сарын 07-ны өдрийн 24 цагийн орчимд Хоолойн эх гэдэг газар цасан шуурганд боогдон цааш явах боломжгүй болж аюултай нөхцөл байдал бий болсон аж. Уг мэдээллийн дагуу Нөмрөг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н. Эрдэнэбат, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц. Гантулга нар цаг алдалгүй тусламж үзүүлж, 6 хүүхэд, 4 эмэгтэй, 5 эрэгтэй нийт 15 иргэний амь насыг аварчээ.

Мөн Завхан аймаг дахь цагдаагийн газрын Дөрвөлжин сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Л. Мөнхбат нь өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Ховд аймгийн ОНХХ-ийн ажилчид төөрч элсэнд сууж шатахуунгүй болсон тухай мэдээллийн дагуу иргэдийг эрэн хайх ажлыг шуурхай явуулсны үр дүнд Дөрвөлжин сумаас 35 км-ийн зайд орших Хар бут гэх газарт осголтын байдалтай байхад нь олж сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Ж.Батсайхан

Related news