АНУ, Куба хооронд шууд нислэгийг сэргээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-17 11:13:01

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Тээврийн сайд Энтони Фокс, тус улсын Төрийн нарийн бичгийн даргын эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан туслах Чарльз Ривкин нар мягмар гарагт АНУ болон Куба хооронд агаарын харилцааг сэргээх гэрээнд Кубын төлөөлөгчидтэй гарын үсэг зуржээ. Энэ тухай Америкийн Тээврийн яам мэдээлсэн байна.

Гарын үсэг зурах ёслол Гавана хотод болсон бөгөөд Кубын талаас тус улсын Тээврийн сайд Адель Искьедро Родригес болон Иргэний нисэхийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Альфредо Кордеро Пуч гэрээнд гарын үсгээ үлдээжээ.

“Америкийн тээвэрлэгчид, ачаа илгээгчид, зорчигчдын хувьд тогтмол нислэгийн шинэ үйлчилгээ авах боломжтой болсныг мэдээлэхдээ бид баяртай байна. Бид энэ ажлыг олон нийтэд өндөр ашиг тустай байх зорилгоор явуулна” гэж Америкийн Тээврийн сайд уг үйл явдалд тайлбар хийхдээ хэлсэн байна.

Д.Жаргал

 

 

Related news