Завханд он дамжин баригдах 19 барилга байгууламж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 09:19:34

Завхан аймагт 2015 онд улсын төвлөрсөн төсвөөр он дамжин баригдах 19,  шинээр эхлэх хоёр барилга байгууламж, засвар шинэчлэлтийн гурван барилга байгууламж байна.

Үүнд нийт 10191.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 1197.0 сая  төгрөгийн ажил хийгдэхээр  төлөвлөгджээ. 2014 онд төсөв батлагдаагүй арцаагдсан барилгуудаас Тосонцэнгэл сумын 500 хүний суудалтай Соёлын төвийн барилгад 561.5 сая төгрөг, Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгад 200.0 сая төгрөг, БОАЖГ-ын конторын барилгад 369.0 сая төгрөг батлагдсан байна.

Харин  инженерийн нэгдсэн шугам сүлжээ, барилга угсралтын ажил зэрэг 34 барилга обьектыг 2015 онд ашиглалтанд оруулж, 28 барилга байгууламжинд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгон үе шатны техник хяналт хийж ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд 2015 онд шинээр баригдаж байгаа болон засварлагдаж байгаа барилга байгууламжийн хяналтын зардалд 36100.0 мянган төгрөгийн санхүүжилт авч тухайн баригдаж байгаа барилга байгууламжийн явцад хяналт хийхэд  зарцуулсан байна.

Б.Мягмарсүрэн

Related news