Сар шинийн барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-09 00:12:25

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Ц.Содномдорж анх удаагаа түрүүллээ.

Цэдэвийн Содномдорж харцагад өвдөг шороодсон Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группын бөх, Ц.Содномдорж улсын харцага бөх сонирхогчдоос энэ барилдааны хамгийн гол найдвар тавьж байсан улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Т.Баасанхүү  нарыг өвдөг шороодуулж түрүү бөхөөр тодорч шилдгийн шилдэг гэдгээ баталлаа. Тэрбээр 2012 оны сар шинийн барилдаанд шөвгөрч байлаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Мондэй" группын бөх улсын аварга Г.Эрхэмбаяр 2013 онд түрүү бөхөөр тодорч байсан бол энэ жил үзүүрлэж харьшгүй хүчит аварга гэдгээ нотлов.

Их шөвгийн дөрөвт уран хурц барилдааныг үзүүлж бөх сонирхогчдын цөсийг хөөргөсөн Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяа, Увс аймгийн Тэс сумын харъяат улсын начин Т.Баасанхүү нар шалгарч энэ жилийн барилдааны тааврыг орвонгоор нь эргүүлж үзэгч олныг баясгалаа.

Шөвгийн наймд хэн хэнийг амалж, тунаж давсан, унасан барилдааны дүйзийг сонирхуулж байна.
8-ын даваа
Г.Эрхэмбаяр у.ав - Ц.Содномдорж у.х
7-ын даваа
Г.Эрхэмбаяр у.ав - Н.Батзаяа у.х
Ц.Содномдорж у.х - Т.Баасанхүү у.н
6-ын даваа
Г.Эрхэмбаяр у.ав - Д.Рагчаа у.г
Э.Оюунболд у.а - Н.Батзаяа у.х
Н.Ганбаатар у.г - Ц.Содномдорж у.х
Ч.Санжаадамба у.з - Т.Баасанхүү у.н

Д.Өлзий

 

Related news