Сэлэнгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 22:48:19

Хотол түмнээрээ сайхан шинэлэхийг ерөөж Сэлэнгэ аймгийн  ИТХ-ын дарга Ж.Санжжав, Сэлэнгэ  аймгийн Засаг дарга  С.Бүрэнбат нар нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүллээ.

Уг мэндчилгээнд,  Монгол түмнийхээ өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хөгжлийн түүчээ болсон Сэлэнгэ сайхан нутгаар овоглодог болон ажил, амьдралаараа холбогдсон нийт иргэддээ болон Монголын ард түмэндээ уламжлалт сар шинийн баяр, 17 дугаар жарны Гал Бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг хүргэж сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

 Улиран одож буй модон хонин жилд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон түүний баг хамт олон 2012-2016 онд дэвшүүлсэн хөтөлбөр зорилтоо ханган биелүүллээ.

Монгол Улсынхаа “Шилдэг аймаг”-аар шалгарсан Сэлэнгэчүүд бид улиран өнгөрч буй хонин жилдээ дотоодын аж ахуй нэгжүүдийнхээ боломж, бололцоогоор 22,9 км орон нутгийн төмөр зам, 66,3 км хатуу болон хайрган хучилттай замыг ашиглалтанд бүрэн оруулж, аж үйлдвэрийн салбарт 385,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 322,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1670 ажлын байрыг шинээр бий болгосон төдийгүй аймгийнхаа төв дээр шинэ хороолол бий болгох инженерийн дэд бүтцийг бүрэн хийж дуусгаад байна. Мөн Монгол төрийнхөө их наадамд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, аймгийн хурц  арслан Одгэрэл 6 даван Улсын харцага цол хүртэж, Халх сурын харваанд Ерөө сумын иргэн Батбаатар, түүний эхнэр Энхтунгалаг нар түрүүлж, Монгол улсынхаа төрийн их наадамд анх удаа гэр бүлээрээ монгол сурын наадамд түрүүлсэн гайхам сайхан амжилт гаргалаа.

Угтан ирж буй гал бичин жилд өмнөх онд олсон амжилт ололтоо бататган дэлхий дахинд түүний дотор манай оронд тулгарч байгаа санхүү эдийн засгийн хямралыг хохиролгүй даван туулахад иргэн бүр хүчин чармайлт гарган, “Хүнээ хөгжүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих жил”-дээ хичээн ажиллаж хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Элгэн садан монгол ахан дүүс та бүхэндээ гарч буй Гал Бичин жилийн сар шинийн мэндийг дахин хүргэж, монголын уламжлалт цагаан сарын баяраараа ураг төрөл, ахмад үе, өтгөс буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалт зан үйлсээ дээдлэн, сар шинэдээ сайхан шинэлж нийт Монголчууд, Сэлэнгэ түмний маань хишиг буян арвин, хийморь лундаа тэгш дүүрэн, буян заяа нь дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ

Ч.Отгонцэцэг

Related news