Ой тогтоолтын тамирчдад Хүндэт жуух гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-08 15:48:15

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-д болж өнгөрсөн. Тус тэмцээнээс манай тамирчид 26 медаль хүртжээ. Медаль хүртсэн тамирчдыг Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ой ухааны спортыг Монголд хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Эрүүл мэнд, спортын яамнаас тэднийг Хүндэт жуух бичгээр шагнасныг Шадар сайд энэ үеэр гардуулав.

Ц.Оюунбаатар тамирчдад хандан “Тэмцээндээ олон өдрийн турш бэлдэн нөр их хөдөлмөрлөснийхөө үр дүнд гайхалтай амжилт гаргасан та бүхэнд халуун баяр хүргэе. Гаргасан амжилтууд тань та бүхний гэр бүл болон  багш дасгалжуулагч нараас шууд хамааралтай. Иймд гэр бүлийнхэнд тань болон энэ сайхан амжилт гаргах боломжийг бүрдүүлж, дасгалжуулсан Б.Баасандорж багшид тань талархаж байна” гэлээ. Мөн Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөж, илүү их амжилтыг гаргаарай хэмээн захьлаа.

БНХАУ-ын Чэнгду хотод болсон дэлхийн 24 дэх удаагийн уг тэмцээнд 25 улсын 278 тамирчин оролцсоноос хэд хэдэн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж чаджээ. Тэдгээрээс тавыг нь Монголын тамирчид шинэчлэсэн байна. Тухайлбал, насанд хүрэгчдийн ангилалд их мастер С.Цогбадрах "Speed Numbers" төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул "Binary Numbers" төрөлд, Их Мастер Э.Пүрэвжав "Speed Numbers", "One Hour Card" төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн "Random Words" төрөлд тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон аж.

Мөн их мастер Э.Пүрэвжав нийлбэр оноогоороо тэргүүлж, өсвөрийн дэлхийн аварга, хоёрдугаар байрт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравдугаар байрт Азийн мастер З.Цэцэгзул нар тус тус оржээ. Их мастер Э.Пүрэвжав, Э.Энхмөнх нар тэмцээний хамгийн том цол болох Олон улсын их мастерийн болзлыг ханган нийт тамирчдаас шилдэг 10-т шалгарсан бол Б.Шижир-Эрдэнэ их иастер цол, Т.Энхжин, Н.Түвшинтөгс, Б.Ариунсанаа, Б.Хангай, Э.Ялгуун, А.Номин нар Олон улсын мастер цол хүртсэн байна.

Монголын Оюун ухааны академийн тамирчид өнгөрсөн таван жилийн хугацаанд олон улсын 35 тэмцээнд оролцон эх орноо дэлхийд амжилттай сурталчлахаас гадна нийт 484 медаль хүртээд байгаа аж.

Б.Туул

 

 

Related news