Монголын хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-05 16:12:33

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталлаа.

Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өнгөрсөн оны тавдугаар сарын 11-нд өргөн барьсан бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахлан ажилласан. Энэ хүрээнд УИХ дахь эмэгтэй гишүүд болон Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлгээс анх удаа орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг өрнүүлж, хүүхэд, эцэг, эх, багш нарын саналыг хүлээн авч хуульд тусгажээ.

Гурван хүн тутмын нэг нь хүүхэд хэмээн бүртгэгдсэн манай улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа юм. Тухайлбал, 2014 онд гэмт хэргийн улмаас 817 хүүхэд гэмтэж, 101 хүүхэд амиа алдсан бол зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, хурдан морины уралдааны үеэр 621 хүүхэд мориноосоо унажээ. Ийнхүү хүүхдийн эрх зөрчигдөх үед түүний эрхийг хэрхэн сэргээх вэ, учруулсан хохирлыг нь хэрхэн барагдуулах вэ гэх мэт асуудал Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулагдаг ч хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, ялангуяа сэтгэлзүйд учирсан хохирлыг арилгах, тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад процессын хууль зайлшгүй хэрэгтэй байна гэж үзсэн. Тийм учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хууль батлагдсанаар нэгдүгээрт, улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болно. Хоёрдугаарт, аливаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулна. Гуравдугаарт, монгол улсад хүүхдийн эрх, хамгааллын талаар эрх зүйн цоо шинэ орчин бий болж буйг хууль санаачлагчид онцоллоо.

Б.Туул

Related news