Ургийн бичгээ хөтлөх уриалгыг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 13:21:08

Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газраас сар шинийн баярыг тохиолдуулан нэгэн уриалга гаргалаа. Үүнд “Энэ баярын уг үндэс нь өвгөдөө хүндэтгэн ах дүүсээрээ цуглаж, ерөөлийн сайныг хэлэлцэж, ирэх ондоо энх амгалан байж, ажил үйлс аливаа үйл бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн бэлгэдлийг агуулдаг.

Харин нийгмийн өөрчлөлт, даяаршлын нөлөө, хүний сэтгэлгээний өөрчлөлтөөс шалтгаалж энэ баярыг хэтэрхий материаллаг талаас нь хүлээн авч бэлгэдэл гэхээсээ илүүтэйгээр ард түмний давж гарах нэг төрлийн “ачаа” болгоод байна.

Иймээс их хаадын голомт оршсон Өврийн сайхан хангайн иргэд Та бүхнийг сар шинээрээ өвгөдөө хүндэтгэн удам угсаагаа мэдэлцэж угийн бичгээ хөтлөн шинэ сартайгаа золгож байхыг УРИАЛЖ байна” гэжээ.

Монголчуудын оршихуйн соёлын нэн үнэт төв нь “Угийн бичиг” буюу гэрийн түүхээ үеэс үе дамжуулан үр хүүхдэдээ өвлүүлэн ухааруулж ирсэн заншил юм. Угийн бичгийг хөтлөх нь удам угсаагаа цэвэр эрүүл авч явахын нэг гол үндэс болдог төдийгүй үр хүүхдээ өөрсдийн гарал үүсэл, түүх намтраараа ухааруулж хүмүүжүүлэх хэрэгсэл болно. Тиймээс хүн бүр нь үр удмаа цэвэр ариун байлгаж, улс үндэстнийхээ мөнх орших хувь заяаг ханган хамгаалахад хичээнгүйлэн зүтгэх үйлс өөрсдийн маань гарт байгааг хойч үед мэдүүлэхийн тулд бүх нийтээрээ энэхүү уриалгыг хэрэгжүүлэхийг Боловсрол, соёлын газраас санал болгож байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news