Испанид жирэмсэн эмэгтэйд “Зика” вирус илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-05 10:09:45

МАДРИД. /BBC/. Испанид Колумб улсад зорчоод ирсэн жирэмсэн эмэгтэйгээс “Зика” вирусийн халдвар илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ нь Каталонийн оршин суугчдад уг вирусийн халдвар илэрсэн долоо дахь тохиолдол болж байгаа бол жирэмсэн эмэгтэйд илэрсэн анхны тохиолдол юм.

“El Pais” сонинд мэдээлснээр, 41 настай эмэгтэй 13-14 долоо хоногтой жирэмсэн аж. Уг эмэгтэйгээс гадна өөр зургаан хүнд “Зика” вирусийн халдвар илэрсний хоёр нь бас Каталонид, хоёр нь Кастилия-и-Леон мужид оршин суудаг бол үлдсэн хоёрынх нь нэг нь Мурсия хотод, нөгөө нь нийслэл Мадрид хотод амьдардаг байна.

Нэгдүгээр сарын 27-нд Дани улсад “Зика” вирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ. Эмч нарын хэлснээр, халдвар авсан эрэгтэй саяхан Өмнөд болон Төв Америкт аялаад ирсэн байна. Нэгдүгээр сарын 23-нд Карибын тэнгисийн эрэг хавийн Өмнөд Америкийн орнуудад зорчоод ирсэн Их Британийн гурван иргэнээс халдвар илэрчээ.

“Зика” вирус нь анх 1947 онд Угандад илэрсэн боловч саяхныг хүртэл хүнд аюулгүйд тооцогддог байв. 2015 онд уг вирус Африк, Азиас Өмнөд Америкт тархсаны дараа тив даяар маш түргэн хурдацтай тархжээ. Халдвар шумууланд хазуулснаар дамждаг байна.

Д.Жаргал

 

Related news