“Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” үүдээ нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-04 17:09:22

Хүүхэд залууст мэргэжлээ зөв сонгоход, ажилгүй иргэдэд ажил хайхад туслах зорилготой “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” үүдээ нээлээ.

Улсын хэмжээнд жишиг болох уг төвийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр байгуулсан юм.

Шинэ төвийн нээлтийн тууз хайчлах ёслолд Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагуудаас гадна Щвейцарийн Хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын төлөөлөл, мөн ажил олгогч, мэргэжлийн холбоод, зорилтот бүлгийнхэн оролцлоо.

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн ордонд  өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн уг төвд ажил хайж буй иргэдээс гадна эзэмших мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголт авахыг хүсч байгаа хүүхэд, залуучууд  үйлчлүүлэх боломжтой. Тэд ажил мэргэжлийн талаарх ерөнхий ойлголттой танилцаж, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах, цахим хэлбэрээр чадамжийн сорил бөглөж, өөрийн ур чадварын түвшинг тогтоох боломжтойгоос гадна, өөрт хэрэгцээтэй мэдээллийг үнэ төлбөргүйгээр хэвлэн авч, хувилан олшруулах бүрэн бололцоотойг ХЭҮСМҮТ-ийн захирал С.Чойноров танилцуулсан. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл, сургалт, уулзалт болон хэлэлцүүлэг, хөдөлмөрийн яармаг, аялал зэрэг олон талт үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах бөгөөд аймаг орон нутагт болон салбарын ажил олгогч байгууллагуудын дэргэд ийм төрлийн мэдээллийн төв байгуулж ажиллах хэтийн зорилготойг нээлтийн ёслолд оролцсон албаны хүмүүс дуулгаж байлаа.

Ажил мэргэжлийн мэдээллийн жишиг төвийг байгуулснаар мэргэжлийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд хүргэх, мэргэжлийн мэдээллийн баазуудыг макро эдийн засгийн түвшинд болон ажил мэргэжлийн салбараар, орон нутгийн түвшинд боловсруулж, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд оруулж, ажил, мэргэжлийн нэгдсэн сүлжээг улс орон даяар холбох боломж бүрдэх юм байна.

Монгол Улсад хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд Ажил мэргэжлийн мэдээллийн 20 төв байгуулсны найм нь орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдийн дэргэд, бусад нь төсөлд хамрагдаж буй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа. ХЭҮСМҮТ-ийн дэргэд үүд хаалгаа нээж буй шинэ төв төв нь өөрийн үйл ажиллагаагаараа Монгол Улсдаа жишиг загвар болж, цаашид үйлчилгээгээ улам чанаржуулан, цар хүрээгээ тэлснээр олон мянган залуус, ажилгүй иргэдэд мэргэжлийн өндөр түвшний зөвлөх үйлчилгээг үзүүлнэ  гэдэгт итгэлтэй байгаагаа Швейцарийн Хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Маркус Валдфогел нээлтийн үеэр онцолсон.

Харин шинэ төвийн анхны үйлчлүүлэгчид үйл ажиллагаатай нь танилцсаны дараа “Ажил хайхад амархан боллоо” хэмээн дүгнэж байсан юм.

Related news