Алимны нухаш авсан баримтаар 20 сая төгрөг хожжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-03 17:15:56

НӨАТ-ын сугалааны анхны 20 сая төгрөгийн хонжворын эзэн өнөөдөр батламжаа гардаж авлаа.

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд төлбөрийн баримтын сугалааны тохирлыг хоёр удаа зохион байгуулсан. Эхний тохирлоор 3000 гаруй иргэн 20-500 мянган төгрөгийн хонжвор хожсон бол хоёр дахь удаагийн тохирлоор 20 сая төгрөгийн азтан тодорсон юм.

Анхны 20 сая төгрөгийн хонжворын эзнээр тодорсон Ц.Болд нь Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд байрлах Рапид харш хотхоны “Цэлмүүнтүшээ” компанийн хүнсний дэлгүүрээс энэ сарын 31-ний өдөр 27 мянга 630 төгрөгөөр худалдан авалт хийж, баримтаа www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн аж. Баримтын сугалааны дугаар ML 55577825 байсан бөгөөд нийтдээ долоон орон таарч 20 сая төгрөгийн болзол хангасан байна.

Ц.Болд, түүний гэргий А.Урангуа нар нь гурван хүүхэдтэй залуу гэр бүл аж. Бага охин Б.Нандинтүшигтээ алимны нухаш, сүү зэрэг ойр зуурын бүтээгдэхүүн авсан худалдан авалтын тасалбар нь ийн 20 сая төгрөгийн эзэд болгожээ.

Хонжворын батламж гардаж авах үеэр нь А.Урангуагаас сэтгэгдлийг нь сонирхсон юм. Тэрбээр “Сугалааны азтан болсондоо маш их баяртай байна. Энэ сугалаа үнэхээр үнэн гэдэгт итгэлээ. Манай гэр бүл нэг ширхэг талх худалдан авсан ч баримтаа цаг тухай бүрт нь бүртгүүлдэг. Одоо буцаан олголт 18000 мянган төгрөг авах эрх үүссэн байгаа” гэсэн юм.  

Мөн энэ үеэр НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга “Энэ удаагийн 20 сая төгрөгийн азтан 30-хан хувийн магадлалтай байсан. Тэгсэн ч азтай байсан учраас өнөөдөр 20 саяыг хожлоо. Дараагийн сугалаа хоёрдугаар сарын 7-ны өдөр МҮОНТ-ээр 19.30 минутаас болно. Энэ сугалааг нэг сард хэвлэгдсэн бүх баримтаар явуулна. Бидний тооцоолж байгаагаар ойролцоогоор 7 сая баримт оролцуулж, 7000 азтан тодорно. 1000  баримт тутмын нэг баримт нь азтан болно гэсэн үг” гэлээ.

Дашрамд дурдахад, сугалаанд хожиж азтан болсон ч түүнийгээ мэдэхгүй яваа 3000 гаруй азтан байгаа юм байна. Эдгээр азтануудыг сугалаагаа бүртгүүлэхийг гурван сарын хугацаанд хүлээх бөгөөд хэрэв энэ хугацаанд бүртгүүлэхгүй бол шагналыг шилжүүлэх аж. 

С.Сайнзаяа 

Related news