Хүйтний улиралд бетон цутгалт хийхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-02-03 12:23:22

Хүйтний улиралд бетон зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх байдалд сөргөөр нөлөөлдөг учир гаднах агаарын температур 0 хэмээс доош үед бетон цутгалтын ажил хийхгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.  

Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд 4126 барилга, байгууламж, обьект, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан бөгөөд үүнээс 2335 буюу 56.6 хувь нь бага, 1165 нь буюу 28.3 хувь нь дунд, 623 буюу 14.7 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн гурван жилд  барилга, байгууламжийн ажлын явцад 164 осол гарч 178 хүн өртсөн байна. Үүнээс 63 хүн нас барж, 35 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон бол 80 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. 

Тиймээс  болзошгүй аваар осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, барилгын чанар, ашиглалтын үеийн аюулгүй байдал, норм, дүрэм, стандартаа мөрдөж ажиллахыг барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөс анхааруулж байна.

Н.Туяа

 

 

Related news