Байгаль хамгаалагчийн талаар цуврал баримтат кино бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:18:00

Хөвсгөл аймагт Монголын Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо ажиллаж байна.

Тус холбоо нь Монгол улсын  байгалиа хамгаалан халуунд халж, хүйтэнд хөрч, хатуу ширүүн тэмцэл дунд ажиллаж байгаа чин зоригт хүмүүсийг алдаршуулан тэдний үлгэр дуурайлал, хичээл зүтгэлийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Байгаль хамгаалагчийн амьдралын нэг өдөр ба хүний эрх" танин мэдэхүйн цуврал баримтат кино бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатартай уулзаж ярилцжээ. Мөн Монгол улсын дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор “Талст Маргад” ХХК-ийн фосфоритын ордын хайгуулын болон ашиглалтын 8 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гарсан боловч сэргээгдэх магадлал өндөр байгаа учир Хөвсгөл аймгийн онгон дагшин байгаль, малчин иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчих аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчны асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоотой Хөвсгөл аймгийн удирдлагууд хамтран ажиллаж байгаа гэнэ.

Фосфоритын бордоо үйлдвэрлэх зорилгоор тус ордыг ашиглавал Хөвсгөл далай,  Хөвсгөлийн байгаль экологид нөхөж баршгүй гарз хохирол учрах бөгөөд тус ордын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн газар нутагт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хууль зүйн хүрээнд хяналт үнэлгээ, өмгөөлөл хийлгэх зорилгоор Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар, Боловсрол, соёлын газрын дарга Н.Баатар-очир, Дэлгэрмөрөн голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг нарын итгэмжлэлтэй, эрх зүйн туслалцааны гэрээг Монголын Байгаль орчны төлөөх Хуульчдын холбоотой байгуулсан ажээ.

   Б.Гантуяа
      

Related news