АН: Монголын ард түмнийг талцуулан хэмлэлдүүлэх оролдлого хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-28 21:31:16

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар чуулганы хуралдаанд танилцуулсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын нэр бүхий 19 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийг огцруулах саналыг УИХ-д өргөн барьжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргаж байна.
МАН өнгөрсөн 4 жилийн хугацаанд Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй унагах оролдлогуудыг ээлж дараатай хийж, зорилгодоо хүрэхийн тулд хувь хүний нэр төрд эрээ цээргүй халдаж, эдийн засгийн орчныг санаатайгаар дордуулах, улс төрийн тогтвортой байдлыг алдагдуулахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг байнга явуулж ирлээ.
Улс орны төсөв, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед УИХ дахь МАН-ын гишүүдийн олонхи сонгууль угтсан улс төрийн ашиг хонжоогоо нэн тэргүүнд тавьж, даашинзны хормойд зүүгдэн Шийдлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар өргөн мэдүүлсэн байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын дийлэнх нь хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа эдийн засгаа тэлж, ард иргэдээ, бизнес эрхлэгчдээ ажилтай, орлоготой болгож хөгжсөн байдаг.
Оюу толгойн орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан 5 жилийн хугацаанд жилд 6500-аас 10000 хүн ажиллаж ирсний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж байна.
Одоогийн байдлаар манай улсад 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаагаас улсын төсөвт 1.3 тэрбум, дотоодын аж ахуй нэгжүүдээс 4.0 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн нь Монгол Улсын эдийн засгийг гурав дахин томроход голлох үүргийг гүйцэтгэсэн.
2015 оны байдлаар улсын төсвийн орлогын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаагаас нь үзэхэд дан ганц эдийн засаг гэлтгүй, хүүхдийн мөнгө, цалин тэтгэврээс авахуулаад төрөөс иргэддээ үзүүлдэг олон үйлчилгээг хүргэхэд дэмжлэг болж байна.
Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг С.Баярын Засгийн газрын үед байгуулсан. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд ч Монгол ардын нам, Ардчилсан намын хамтарсан Засгийн газрын үед гарын үсэг зурсан. Тиймдээ гавьяа, хариуцлага байвал аль алийг нь хамтдаа үүрэх учиртай.
УИХ 2014 оны 34, 2015 оны 41 дүгээр тогтоолоор Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Үр дүнд нь:
- Оюу толгой төслийн техник, эдийн засгийн үндэслэлд туссан Монголын талд ногдох өгөөж 55-аас дээш хувь байхыг албажууллаа.
- Менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед зургаан хувиас бууруулж, гурван хувьд хүргэж чадлаа.  Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.долларын төсөл үргэлжлэх хугацаанаас хамаараад нийт нэг тэрбум хүртэл ам.долларын бодит хэмнэлт болж чадлаа.
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбогдох маргаанд цэг тавьж, Монголын талд дор хаяж 2 тэрбум ам.долларын ашигтайгаар тохиролцож, баталгаажуулсан байна.
- Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно.
- Зардлын хяналтыг сайжруулах үүднээс Монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах үйл ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлж албажуулсан.
- Би Эйч Пи-ийн гэгдэх 2  хувийн роялтиг хүчингүй болгуулсанаар нийт төслийн хугацаанд дор хаяж 3 тэрбум ам.долларын үр өгөөжийг "Оюу толгой" ХХК-д хадгалж үлдсэн.
- Таван толгойн цахилгаан станцын төслийн боломжит хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж өгөх асуудал шийдэгдсэн. Ингэснээр Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь эрчим хүчээ дотоодоосоо хангах нөхцөл бүрдсэн.    
Засгийн газар хөрөнгө оруулагч талтай УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу шаргуу, ажил хэрэгч ажилласны дүнд Монголын талд ашигтайгаар хэлэлцээрийг амжилттай хийж чадсан гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Өнөөгийн эдийн засгийн хүндрэл нь төрийг, бизнес эрхлэгчдийг, иргэдийг зах зээлийн бодит шалгуур дээр авчирч тавилаа.
Оюу толгой, Таван толгойн гэрээний нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний уналттай давхцаж экспортын орлогын татралт, түүнээс шалтгаалсан валютын хомсдол, Оюу Толгой ордын эхний шатны хөрөнгө оруулалт дуусч, “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн алдаатай бодлогоос улбаатай гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, урьдчилан авсан зээлийн төлөлт, ужгирсан хэт үрэлгэн байдал нь манай улсын эмзэг эдийн засгийг эрсдэлд оруулах суурь нөхцөл болсон.
Улс орны эдийн засаг нам бүлэглэлийн явцуу эрх ашгаас илүү чухал гэдгийг бид ойлгох ёстой. Ард олон төр тогтвортой байхыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Шийдлийн Засгийн газар байгуулагдсан өдрөөсөө гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхээр идэвх гарган ажиллаж байна. Харамсалтай нь хөөгөөд явуулчихсан гадны хөрөнгө оруулагчдын итгэл тийм ч хурдан сэргэхгүй байна.
Валютын ханшийн өсөлтийг хязгаарлахын тулд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, экспорт хийхэд илүү тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг биднээс шаардаж байна.
Эдийн засаг улс төрийн хэрсэн торноос мултарч, бүтээгчдийн гарт шилжиж байгаагийн нэг жишээ бол Оюу толгой төсөл юм. Одоо улс төргүйгээр хэрэгжүүлэх цаг нь болсон.
Тогтворгүй байдлын төлөөсийг ард түмэн үүрдэг.
МАН бүх зүйлийг үгүйсгэн эсэргүүцэж, улс оронд гялтайх зүйлгүй мэт харагдуулах гэсэн улстөржсэн үйлдэл нь Монгол төрийг сулруулах, нийгэмд зохиомлоор айдас төрүүлэх, эдийн засгийг хямрал руу хөтлөх, Монголын ард түмнийг талцуулан хэмлэлдүүлэх оролдлого болон хувирч байна.
Дөрвөн жилийн хугацаанд нэг ч хуулийн төсөл санаачлахгүй, асуудалд ажил хэрэгч ханддаггүй, хий хоосон улс төр хийгчдээс олон нийт залхаж байна.
Бидэнд Монголын ард түмний өмнө хүлээсэн үүрэг бий. Сөрөг хүчний Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй унагах оролдлогуудаас болж УИХ дээр шийдвэр, шийдлээ хүлээсэн олон асуудал хойшилж, гацаж, цаг хугацаа алдсаар байна.
УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад тавхан сар үлдлээ.
Энэ хугацаанд Хяналтын тухай, Төрийн албаны тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Ард нийтийн санал асуулгын тухай зэрэг нийгмийн өмнө шийдлээ хүлээсэн олон хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн батлах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийг огцруулах саналыг үндэслэлгүй гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

 

Related news