Орон нутгийн хөгжлийн санд 467 тэрбум төгрөг хуримтлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-27 13:34:51

УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын баг, сумдын үндэсний холбооноос хамтран “Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Үндэсний чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн бөгөөд тэрбээр “Орон нутгийн хөгжлийг төрөөс бодлогоор дэмжиж орон нутгийн хөгжлийн санг төсвөөс санхүүжүүлж эхлээд 4 жил болж байна. Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн энэ хуулиар улс, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх харилцааг зохицуулж өгсөн. Өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэлээ. Монгол Улс хэдэн онд, ямар үр дүнд хүрсэн байх талаар тодорхой үзүүлэлттэй, зорилтуудыг энэ хуульд тусгасан. Улс төрийн намууд үүнд захирагдан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг сахилга баттай болохоор хуульчлах юм.

Энэ хоёр бичиг баримт бол зөвхөн УИХ биш, бүх түвшиндээ хүрэх зорилтоо тодорхойлж баталдаг, тухайн сонгуулиар ялсан нам тэр зорилтын хаана хүрснийг хэмжиж болохуйц маш тодорхой хууль гарахаар бэлтгэж байна. Энэ хоёр хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж болгон өөрийн зорилтоо дэвшүүлэх бололцоотой болох юм” гэлээ.

Мөн орон нутгийн шинэ төлөөлөгчдийг үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг гурав  дахь жилдээ хэрэгжүүлж байгааг УИХ-ын дарга мөн онцлоод, удирдлагаас гадна олон нийт, иргэдийн оролцоо нутгийн удирдлагыг сайжруулахад зайлшгүй шаардлагатайг хэлж байв.

Үндэсний чуулганд мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагуудыг ажиллах нөхцөлөөр хангахад авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн орон нутгийн хөгжлийн санг Төсвийн тухай хуулиар бий болгосноос хойш аймаг, нийслэл, сум, дүүрэгт 3 жилийн хугацаанд нийт 467.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлснийг онцлоод, ЗГХЭГ-аас Монгол Улсын төвлөрлийн нөхцөл байдлын судалгааг хийлгэн, төвлөрлийг сааруулах стратеги боловсруулж байгааг хэллээ.

Үндэсний чуулганд Монгол Улсын аймаг бүрээс баг, сумын удирдлагууд оролцож байгаа бөгөөд чуулганы төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлэх юм байна. 

Н.Туяа

Related news