Хүүхдэд өгөхийг хориглосон хүнсний жагсаалтыг олон нийтэд таниуллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 13:07:53

Булган аймгийн Эрүүл мэндийн газраас сургуулийн орчинд хориглох хоол хүнсний   жагсаалтыг гаргаж олонд мэдээллээ.

Манай улсад Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаал “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын дагуу хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Жишээ дурдвал: чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн, нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн,  бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас), өндөг, хуурай өндөг, майонез, байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс,  бүх төрлийн хийжүүлсэн ундаа, кофе,  их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа),  түргэн хоол (пицца, гамбургер, хотдог), төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида) зэрэг зүйлс багтжээ.

Гэвч Булган аймгийн Булган сумын ЕБС–ийн орчимд эдгээр хоиотой зүйлс хамгийн их худалдан борлуулагддаг зүйлс нь юм. Энэ тал дээр зохих журмын дагуу арга хэмжээ авч ажиллахаар төлөлвлөж байгааг аймгийн МХГ–ын мэргэжилтэн мэдээллээ.

                                                                                                                           П.Батням

Related news