"Юнивишн" интернетийн хэрэглээнд хязгаарлалт тавих гэж буйг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-25 15:36:04

Өнөөдөр "Монгол news" мэдээллийн төвд хэсэг иргэд "Юнивишн" үйлчилгээний гэрээгээ хэд хэдэн зүйл дээр зөрчиж эхлээд байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн С гэртээ интернет тавиулахаар судалсны үндсэн дээр сарын өмнө “Юнивишн”-ий 29.900 төгрөгийн өрхийн багцыг сонгожээ. Ингээд тэрбээр нэг мб хурдтайгаар интернетийг хязгааргүй хэрэглэх гэрээ хийсэн байна. Гэтэл энэ үйлчилгээг аваад сар болсны дараа интернетэд нь хязгаарлалт тавихаар болсон тухай оператор компаниас нь мэдэгджээ. “Юнивишн” компани анх удаа айпи тв, интернет, суурин утас гэх гурвалсан үйлчилгээ нэвтрүүлснээрээ чамгүй хэрэглэгчтэй болж амжсан.

Тус компани хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх шийдвэр багагүй маргаан дагуулаад байна. “Юнивишн” компани ирэх сарын эхний өдрөөс эхлэн интернетийн хурдаа нэмж, оронд нь хэрэглээгээ хумьж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, 29900 төгрөгийн багцын интернетийн хурд нэг мб, хэрэглээ хязгааргүй байсан. Тэгвэл гурван мб хурдаар буюу 39900 төгрөгөөр 200 гб интернэт, 54 900 төгрөг-300 гб интернэт, 89 900 төгрөг – 500 гб интернэт ашиглах эрхтэй болгож иргэдийн хэрэглээг хязгаарлах аж.

Иргэдийн зүгээс гэрээ байгуулсны дараа интернет хэрэглээндээ өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл учраас Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ тус байгууллагад хариуцлага тооцох хэрэгтэйг шаардав. Гэвч Харилцаа холбооны зохицуулах хорооноос  “Юнивишн” ч биш “Скаймэдиа” зэрэг бусад кабелийн телевизийн үнэ тарифын асуудалд ХХЗХ-оос шууд нөлөөлөх эрх байдаггүй. Өрсөлдөөний тухай болон Харилцаа холбооны тухай хуулиар телевизийн олон сувгийн үйлчилгээнд давамгай болон зүй ёсны монополь компанийн үнэ тарифт л хяналт тавьдаг гэх хариу өгчээ. Энэ асуудлаар тус байгууллагад иргэдээс гомдол одоогоор ирээгүй харин Засгийн газрын 11-11 төвд хоёр гомдол ирснийг ШӨХТГ-т уламжилжээ. ШӨХТГ-аас “Бидэнд энэ талын гомдол тогтмол ирдэг. Өдөр тутам шалгалтын ажиллагаа явуулдаг. Энэ хүрээндээ шалгалтаа хийж байгаа” гэхээс илүү хариулт өгөөгүй байна.

“Юнивишн” компанийн энэ асуудлыг  олон нийтийн сүлжээгээр эрс эсэргүүцэн маргалдаж байгаа. Нэг хэсэг нь Монгол Улс дэлхийн дундажтай харьцуулахад интернетийг бага үнээр хэрэглэдэг гэдэг. Нөгөө хэсэг нь интернетийг өндөр үнээр хэрэглэдэг гэх улсын хувьд цалин, хэрэглээний түвшин өндөр байдаг. Монгол Улсын хувьд аль аль нь дорой байгаа энэ үед дэлхийн дунджыг ярих шаардлагагүй гэлцэнэ. хэрэглэгч иргэд “Юнивишн” компанитай гэрээ байгуулчихсан. Гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсны дараа өөрчлөлт хийж байна. Энэ тохиолдолд иргэд гэрээгээ цуцлаж, оператор компаниасаа татгалзахаас өөр сонголт бий юу? гэдгийг асууж байна.

Ж.Батсайхан

Related news