Грекийн арлуудын оршин суугчдыг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхийг санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-25 12:44:56

ЛОНДОН. /AP/. Дүрвэгсдэд тусламж үзүүлсэн Грекийн хэд хэдэн арлын оршин суугчдыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн тухай “The Guardian” сонинд мэдээлжээ. Энд Грекийн Лесбос, Кос, Хиос, Самос, Родос болон Лерос арлын оршин суугчдын тухай яригдаж байгаа аж.

Дээр дурдсан арлуудын оршин суугчид өнгөрсөн онд Европт далайгаар дамжин ирсэн 900 мянган дүрвэгчийн дийлэнх хэсгийг хүлээж авсныг онцлон тэмдэглэж байна. Оршин суугчдын зарим нь тухайлбал, загасчид  цагаачдыг аврахын тулд ажлаа орхижээ.

Зургаан арлын оршин суугчдыг нэр дэвшүүлэх санаачилгыг АНУ-ын Харвард, Пристоны болон Корнеллийн их сургууль, Их Британийн Оксфордын их сургууль, Данийн Копенгагены их сургуулийн эрдэмтэд гаргажээ. Олон нийтийн санаачилгын “AVAAZ.org” олон улсын цахим хуудсанд уг саналыг дэмжихэд зайлшгүй цуглуулах шаардлагатай 500 мянган гарын үсгээс 295 мянга гаруйг нь цуглуулсан өргөх бичгийг нийтэлжээ.

2015 онд Европын Холбоонд цагаачид олноороо ирсний улмаас хямрал үүссэн билээ. Дүрвэгчдийн дийлэнх нь 2011 оноос хойш иргэний дайн үргэлжилж байгаа Сирийн иргэд юм. Дайн дэгдсэнээс хойш тус улсын 504 мянга гаруй иргэн Европын орнуудад түр оршин суух хүсэлт тавьжээ. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, 800 мянга гаруй хүн Турк, Грекээр дамжин хөгшин Европт ирсний 455 мянга нь Сирийн иргэд, 186 мянга нь афганчууд байна. Эх орноосоо дүрвэн гарах замдаа бараг 3700 цагаач далай, тэнгист амиа алджээ.

Нобелийн Энх тайвны шагналыг дэлхийн энх тайван байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс эсвэл байгууллагуудад олгодог. 2015 онд уг шагналыг Тунист 2011 оны “мэлрэг цэцгийн хувьсгал”-ын дараа “олон ургалч ардчилсан нийгэм байгуулахад шийдвэрлэх хувь нэмэр оруулсных нь төлөө” “Тунисын үндэсний яриа хэлцээний дөрвөл”-д олгосон билээ.

Д.Жаргал

 

Related news