Ноён уулын хамгаалалтын асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-22 12:36:07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ноён уулыг тусгай хамгаалалтад авах талаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад хамруулах асуудлыг БОНХЯ-наас өргөн барьсныг УИХ хэлэлцэж байгаа юм. Ноён уулнаас нь МЭӨ III – МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт Хүннүчүүд нүүдэллэн амьдарч, төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны бодит нотолгоо болох археологийн дурсгалууд Монгол орны нутаг дэвсгэрээс ихээр олддог бөгөөд энэ нь Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт юм. 
Эрт үеэс Ноён уул хэмээн хүндэтгэгдэн нэршиж тус уулын Сүжигт, Зурамт, Хужирт хэмээх гурван аманд Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон дурсгал оршдог. Хамгийн сүүлд 1964 онд Ноён ууланд малтлага судалгаа хийснээс хойш дахин малтлага судалгааны ажил хийгээгүй бөгөөд түүхийн дурсгалт булш, бунханг дахин судлах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. 
Тиймээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авснаар түүх, соёлын хосгүй өв болсон булш бунхан болон байгалийн унаган төрх, сонин тогтоц, ховор амьтан, ургамал тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, байгалийн унаган төрхийг хэвээр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх болон үнэ цэнэ бүхий газрыг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх юм. Хамгаалалтад авахаар санал болгож байгаа Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших бөгөөд талбайн хэмжээ нь 11 194 22 га байгаа юм.  
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд тус бүс нутагт ашигт малтмалын лиценз олноор олгогдож  байгаль орчинд үзүүлэх хор хохирол нэмэгдэх хандлагатай байгаа. Мандал суманд 32 аж ахуй, Борнуурт 2 аж ахуй алтны уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа Мандал сумын нутагт алт олборлолт маш их байгаагаас Хараа голын сав газар газрын гадарга нь хамгийн ихээр эвдэрч, өөрчлөгдөн хөрсний элэгдэл, эвдрэлд орсон, усны бохирдол ихээр нэмэгджээ. 
Тиймээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудал чухлаар тавигдаж, УИХ-ын чуулганаар мөн асуудлыг дэмжин, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХАА-н байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр долоо хоногт уг асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх юм.  

Н.Туяа

Related news