АНУ-д их хэмжээний цас орж, хэдэн мянган нислэг хойшлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-01-22 10:43:32

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д их хэмжээний цас орж, цасан шуурга болзошгүйтэй холбоотойгоор Атлантын далайн эрэг хавийн хэд хэдэн муж улсад хэдэн мянган нислэгийг цуцалж, хойшлуулсан байна.

Америкийн агаарын тээврийн "United Airlines", "American Airlines", "Southwest Airlines" болон "Delta" компани агаарын харилцаагаа хэдийн зогсоосон эсвэл ойрын өдрүүдэд удахгүй зогсоох гэж байна. Тухайлбал, Нью-Йорк, Пенсильвани, Массачусетс, Хойд Каролина муж улс, мөн Колумбийн нийслэл хотын тойргийн нислэгүүдийг цуцалжээ. Эдгээр муж улсад цасан шуурга болж магадгүй байна.

Ойрын өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас 1 тэрбум долларын хохирол учирч болзошгүй гэж АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэргэжилтнүүд тооцоолжээ. Эрх баригчдын мэдээлснээр, их цасны улмаас зүүн муж улсуудад хэдийн түгжрэл үүсэж, зам тээврийн олон тооны осол гарсан байна. Хойд Каролинад ослоор хоёр хүн амиа алдсан бол хөрш Тенниси муж улсад нэг хүн зам тээврийн ослоор амиа алджээ. Ойрын өдрүүдэд байдал улам дордож болзошгүйг эрх баригчид анхааруулсан байна.

Д.Жаргал

 

Related news