Бүх талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-22 09:31:07

ТЕГЕРАН. /TASS/. Хятадын дарга Си Зиньпиний баасан гарагт Тегеранд эхлэх албан ёсны айлчлалын үеэр Иран болон Хятадын хамтын ажиллагааны тухай иж бүрэн хамтарсан баримт бичигт гарын үсэг зурна. Уг баримт бичигт бүс нутгийн болон олон улсын бүх асуудлыг хамруулах бөгөөд мөн хоёр орны янз бүрийн салбарын хамтын ажиллагааг цэгцэлж зохицуулах юм.

Хятадын дарга Ираны нийслэл хотод айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Хасан Роуханитай хэлэлцээ хийнэ. Си Зиньпин Тегеран болон “зургаан” гүрний /НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, Герман/ хооронд байгуулсан цөмийн гэрээ болон Цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсний дараа Иранд айлчилж буй дэлхийн анхны удирдагч болж байгаа юм.

ИРНА агентлагийн онцлон тэмдэглэж буйгаар, салбарын хамтын ажиллагааны тухай, тухайлбал, энхийн зорилгод ашиглах цөмийн эрчим хүч, нефть, хий, хөрөнгө оруулалт, барилга болон боомтуудын дэд бүтцийг өргөжүүлэх, төмөр зам, чөлөөт худалдааны бүсийн тухай зэрэг 17 гэрээ, баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна. Хоёр орон нефтийн төлбөр тооцоог харилцан хийхдээ Хятадын валют буюу юаниар хийх боломжийг хэлэлцэх төлөвтэй байна гэж Ираны “Financial Tribune” сонин урьд нь мэдээлжээ. Талууд мөн Афганистан, Тажикистан болон Киргизийн нутаг дэвсгэрээр дамжин Хятад, Ираныг холбодог төмөр замын сүлжээг хөгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцэнэ.

Д.Жаргал

Related news