ИТХ- ын даргын нэр төрд халдаж байна гэж үзэн ажлын албанаас нь мэдэгдэл гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-21 17:41:17

Өнгөрсөн сард хуралдсан аймгийн ИТХ- ын 13 дугаар хуралдааны үеэр ИТХ-ын дарга, төлөөлөгч нарын хооронд үүссэн маргааныг харуулсан дүрс бичлэг нийгмийн мэдээллийн хэрэгсэлд тавигдаж, олон нийтийн сэтгэгдлийг ИТХ- ын даргын эсрэг хандуулсан. Энэ дүрс бичлэгтэй холбоотойгоор аймгийн ИТХ- ын ажлын алба мэдэгдэл гаргажээ.

4 хуудас үргэлжилмэн мэдэгдлийг сийрүүлэхэд, аймгийн ИТХ- ын 13 дугаар хуралдааны явцад хурлын дарга хэлэлцэж байгаа зарим асуудалд цөөнх болсон бөгөөд үнийгээ тайлбарласан. Энэ бичлэгийн төгсгөл хэсгийн хасч, эвлүүлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд байршуулсан нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгч, холбогдох хууль тогтоомжийг илт зөрчсөн байна.

Тиймээс аймгийн ИТХ-ын ажлын албанаас хуралдааны хэлэлцэх асуудлын явцад ИТХ- ын дарга С. Буджавын хэлсэн саналын тухай бичлэгийг бүрэн эхээр нь хуулийн байгууллагад хүргүүлж байгаа тул “Дундговийнхон”, Дуу хуурын өлгий Дундговь” фэйсбүүк  группт байршуулсан худал мэдээллийг гурав хоногийн дотор устгахыг шаардаж байна. Хэрвээ татаж авч устгаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандахыг мэдэгдэж байна гэжээ.

2012 оны орон нутгийн ээлжит сонгуулиар аймгийн ИТХ 35 төлөөлөгчөөс бүрдсэн ч олонхи болсон МАН- ын бүлгийн хоёр төлөөлөгч намаасаа татгалзаж, нэг нь АН- ын бүлэгт нэгдсэнээр үйл ойголцол, эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилсээр байгаа. Ийм нөхцөл байдал үүсэхэд аймгийн ИТХ- ын дарга, ажлын алба буруугүй. Өнгөрсөн хугацаанд ИТХ- ын үйл ажиллагаа, ИТХ- ын даргатай холбоотой маргаан, гомдлыг зарим иргэн, улс төрийн намуудаас  хуулийн байгууллагуудад удаа дараа өгч шалгуулсан бөгөөд эдгээрт ажлын алба, хурлын дарга тодорхой тайлбарыг хуулийн дагуу өгч байсан.

Гэтэл худал мэдээлэл тарааж байгаа этгээдүүд зохисгүй үйлдлээ зогсоохын оронд улам идэвхижүүлж, ИТХ- ын даргын нэр төрд ийнхүү халдаж байгааг эсэргүүцэж байна гэж уг мэдэгдэлд дурьджээ.

Т. Отгонтуяа

Related news