Зүүн бүсийг хангах “Эвт” худалдааны цогцолбор төв нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 17:09:15

Хэнтий аймгийн төв Чингис хотноо Зүүн бүсийн анхны томоохон “Эвт” худалдааны цогцолбор төв баригдаж, өнгөрөгч Баасан гарагт нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн удирдлагууд “Эвт трак” ХХК-ийн захирал Д.Баяраа тэргүүтэй хүмүүс оролцож, ёслолын тууз хайчлав. Тус худалдааны төв Чингис хотын “А” зэрэглэлийн бүсэд, төв Хаан банкны замын эсрэг талд байрлаж байна. “Эвт трак” ХХК-ийн 2,8 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн чанарын шаардлага хангасан нийтдээ 260 ширхэг тохилог, өнгө үзэмжтэй лангуу бүхий 6300м2 талбайг хамрах 2 обектоос бүрдэх бөгөөд 200 ш автомашины зогсоол бүхий цэлгэр уудам гадна талбайтай юм.

Тус төв нь ашиглалтад орсноор захиргаа үйлчилгээний 25 ажилтан, 280 гаруй түрээслэгчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, 300 гаруй иргэн ажлын байраар хангагдаж байна. “Эвт” худалдааны төв нь одоогийн байдлаар 220 гаруй лангуундаа түрээслэгчийн захиалга авсан бөгөөд үлдсэн 40 лангуу байгаа аж.

Тус худалдааны төвийн лангуу нь м2 нь 15000 төгрөгийн үнэтэй бөгөөд шинээр түрээслэгчдэдээ эхний сар 50 хувь, 2 дахь сар 20 хувь хөнгөлөлттэй үнээр түрээслүүлж, 3 дахь сараас үндсэн төлөлтийн горимд шилжих аж. Тус төвийн барилгын ажил 2015 оны 4-р сараас эхэлсэн бөгөөд 6 компанийн 80 гаруй ажилтан мэргэжлийн өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ. Аймгийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Ажилтай орлоготой Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн Зүүн бүсийн хэмжээнд томоохон худалдааны төв барих зорилтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ийнхүү амжилттай хэрэгжүүллээ.

О.Буянхишиг

 

Related news