Мессиг шүүх хурал тавдугаар сард эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-21 16:35:14

БАРСЕЛОНА. /Sky Sports/. Татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон Испанийн “Барселона” багийн болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионел Месси болоод түүний эцгийг шүүх ажиллагаа энэ оны тавдугаар сарын 31-нд эхэлнэ. Шүүх хурал Испанийн Барселона хотын шүүхэд болон бөгөөд зургадугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Месси болон түүний эцгийг татвараас зайлсхийсэн хэрэгт 2013 оны зун буруутгажээ. Тэднийг татварын тайланг хуурамчаар гаргасан, 2007-2009 онд Испанийн нутаг дэвсгэрт Мессигийн дүр төрхийг ашигласнаас олсон орлогын татварыг төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгасан байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, тэд 4.1 сая еврогийн татвараас зайлсхийжээ.

Мессид оноосон бүх ялыг хэрэгсэхгүй болгосон тухай өнгөрсөн есдүгээр сарын 30-нд “La Vanguardia” сонинд мэдээлсэн боловч түүнд 22 сар хорих ял оноохыг Испанийн улсын прокурор 10 дугаар сард шаардсан байна.

“Барселона”-гийн довтлогч урьд нь 10 сая евро төлсөн бөгөөд өөрт нь үүсгэсэн хэргийг хаавал Испанийн төсөвт нэмээд 15 сая еврог оруулахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Гэвч тус улсын эрх баригчид түүний саналаас татгалзжээ.

Д.Жаргал

 

Related news