Цаг агаарын мэдээг шинжлэх ухааны үндэстэй зөв гаргаж байх нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-20 15:18:07

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт цаг уур болон мэргэжлийн хяналтын салбартай холбоотой хоёр асуудлыг хөндлөө.

Цаг агаарын мэдээг шинжлэх ухааны үндэстэй зөв гаргаж байх нь чухал. Зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүнд байна, мал төллөх хугацаа ойртлоо, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах цаг ирлээ. Малчид, тариаланчид, иргэдэд цаг агаарын төлөв, мэдээний таарц сайн байх нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

Цаг агаарын мэдээг өдөр тутам, долоо хоног, 10 хоног, сар, улирал, хагас жил, жилийн төлөв байдлаар тоймлож гаргаж байна. Олон улсын жишгээр мэдээний таарц 60 ба түүнээс дээш хувьтай гарахад сайн гэж үнэлдэг. Манай урт хугацааны мэдээний таарц 50 орчим хувьтай байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн хүйтний улирлын төлөвийн мэдээ олон жилийн дунджаас дулаан, цас ихтэй гэж гарсан. Гэсэн ч цас бага орсон. Өнгөрсөн жилийн зуны улирлын төлөвийн мэдээний таарц 50 хувьд хүрээгүй. Олон улсын жишигт урт хугацааны төлөвийн мэдээнд маш болгоомжтой ханддаг. Мэдээний чанар, үнэн бодит байдлыг хангахын тулд богино хугацааны мэдээ гаргах, ийм мэдээг иргэдэд өгч байх нь чухал. Манай цаг уурчдын бэлтгэдэг долоо, арав хоногийн мэдээний таарц 90-ээс дээш хувьтай байдаг гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир танилцууллаа.

Улсын хэмжээнд цаг уурын 316 өртөө ажилладаг. Үүний 150 орчим нь автомат, цаашид бүх өртөөг автомат болгох шаардлагатай. Цаг агаарын мэдээг телевиз, радио, сонин хэвлэл, цахим хуудас, гар утасны апликейшнээр хэрэглэгчдэд хүргэдэг.

Зуншлагын байдал, малын тоо толгой, бэлчээрийн даац, хүйтний улирлын нөхцөл байдал зэрэг тоон үзүүлэлтийг нэгтгэсэн зудын эрсдэлийн зураг гаргасан. Энэ зургийн дагуу хүн хүчээ хаана төвлөрүүлэх, өвс тэжээлийг хаана татах зэрэг зохион байгуулалтын ажлыг Онцгой байдлын ерөнхий газар хийж байна зэрэг мэдээллийг тус газрын дарга Д.Цогт-Очир Ерөнхий сайдын асуултад хариулахдаа өглөө.

Улсын хэмжээнд Улаанбаатарт ганц суурин радарын станцтай, энэ станцыг үндэсний хэмжээний сүлжээ болгох хэрэгтэй байна. Цаг уурын системд ашиглаж буй суперкомпьютерийн ашиглалт 100 хувь давсан зэрэг шинээр хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг тэрээр хэллээ.

Газар тариалан, мал аж аж ахуй зэрэг байгалийн хүчин зүйлээс хамааралтай салбар олонтой манай орны хувьд цаг уурын байгууллга хамгийн орчин үеийн техник технологийг ашиглаж, хөгжих учиртай. Иймд эхний ээлжинд суурин радарын сүлжээ байгуулах, 316 станцаа автомат болгох, суперкомпьютерийн өргөтгөл хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмж авах зэрэг хөрөнгө оруулалтын нэгдсэн судалгаа тооцоо гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо. Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэдийг цаг агаарын мэдээгээр тогтмол хангах, мэдээг хэрэглэгчдэд улам ойртуулах, мэдээ унших электрон самбарын тоог нэмэх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллахыг Д.Цогт-Очирт үүрэг болголоо.

“Шийдлийн цаг” уулзалтын үеэр Ерөнхий сайд шинэ захирамж танилцуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Цэрэнхүүгийн Шаравдоржийг томиллоо.

Төр засгийн хариуцлагатай ажил олон жил хашсан туршлагатай тул энэ салбарыг удирдаж чадах хүн гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд ажилд нь амжилт хүслээ.

Мэргэжлийн хяналтын салбарт томилгоо хийлгүйгээр үндсэн бүтцээрээ ажиллахыг үүрэг болголоо.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед компани, аж ахуйн нэгжийг хяналт, шалгалт нэрээр дарамталдаг байр сууриас татгалзаж, зөвлөгөө өгөх, туслах чиглэл барьж ажиллах ёстой. Шилэн хяналтын шинэ систем нэвтэрсэн. Бүх хяналт шалгалт төлөвлөгөөтэй, удирдамжтай, гарсан үүрэг даалгаврыг иргэд, аж ахуйн нэгжид танилцуулдаг ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар удирдана. Мах болон арьс шир экспортлох ажлыг чирэгдэлгүй зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэ даргад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Related news