Г.Уянга: Луйвар, буруу үйл ажиллагааг зогсооход оновчтой цаг үе гэж байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-20 12:49:04

УИХ-д Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Цөөхөн сарын хугацаа үлдсэн энэ үед Засгийн газрыг огцруулах гэж байгаа нь цагаа олоогүй, тохиромжгүй үйлдэл боллоо гэж зарим гишүүд шүүмжилж байна. Засгийн газрыг огцруулах нь хэр оновчтой юм бэ?

-Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг нэлээд дээрээс цуглуулж эхэлсэн. Санаж байвал Ерөнхий сайдыг анх томилогдож байхад нь хэрэв Оюутолгойн гэрээг улам буруу тал руу нь явуулж, цаашлуулбал огцруулах тогтоол өргөн барина гэдгээ би мэдэгдэж байсан. Тийм ч учраас Ерөнхий сайдыг томилоход хоёрхон гишүүн эсрэг санал өгсөний нэг нь би байсан. Тухайн цаг үед хийж, хэлж байснаа л үргэлжлүүлж байгаа.

-Огцруулах үндэслэл бас хангалтгүй байна гэж байгаа. Энэ талаар?

-2021 оноос Оюутолгойн гэрээний ашгийг монголчууд хүртэж эхлэх байсныг улам холдуулж 2037 он болгосон. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа зэсийн орд, дагалдах баялаг асар их ийм ордоос монголчууд ер нь ашиг хүртэхгүй болгож байгаа учир Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барихаас өөр арга байсангүй. Энэ бол хангалттай үндэслэл.

-Гэхдээ одоо яг оновчтой цаг үе нь мөн үү?

-Луйвар, буруу үйл ажиллагааг зогсооход оновчтой цаг үе гэж байхгүй. Үүнийг цаг хугацаа хүлээгээд байлгүй даруй шийдэх ёстой гэж үзэж байна. Засгийн газар буруу зүйл хийж байвал “Сонгууль болох гэж байгаа юм чинь яахав. Луйвар дээрмээ хийж л байг” гэж хандаж болохгүй. Энэ бол зарчим. Тийм учраас өргөн барих нь гарцаагүй. Харин огцрох үгүйг УИХ-ын гишүүд олонхоороо шийднэ.

-“Шударга ёс” эвслийн бүлэг дэмжиж байгаа юу?

-Бүлэг энэ асуудлаар тусгайлан хуралдаагүй байна.

-МАН-ын бүлгийн гишүүд орон нутгийн мандатын тоо бууруулахгүй гэж байгаа. Үүгээр барьцаа хийгээд таныг МАН-ынхантай нийлж ийм үйл ажиллагаа явуулж байна гэж зарим гишүүд “хардаж” байсан. Үүнд тайлбар хэлэх үү?

-Би бусад асуудлыг мэдэхгүй. Ямар ч байсан Оюутолгойн гэрээг цаашлуулсан “Дубайн гэрээ” Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байгаа. Гишүүд энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрч л гарын үсэг зурсан.

-Энэ тогтоолыг өргөн барьснаас болоод хөрөнгийн бирж, бусад зах зээлд зурагдах байсан зарим гэрээ хэлэлцээрүүд хойшилж байна гэж шүүмжилж эхэллээ. Эдийн засагт нөлөөлөхүйц хор уршиг гарвал эцсийн буруутан нь Г.Уянга нарын 20 гишүүн гэж ярьж байна?

-Монголын эдийн засгийг сөхрүүлсэн хүмүүс энэ 20 гишүүн биш. Энэ тогтоол ч биш. Харин өнгөрсөн хугацаанд эрх барьж байсан хүмүүс, бүлэглэлүүд гол буруутан нь. Тийм учраас эдийн засаг муудсан, өрөнд баригдсан бурууг огт өөр газраас хайх хэрэгтэй. Энэ тогтоол болон миний бие үүний буруутан болох учиргүй.    

-Тогтоолд гарын үсэг зурсан гишүүдээс Р.Амаржаргал нэрээ татаж авах хүсэлт гаргасан байсан. Яагаад ингэсэн юм бол?

-Энэ үндэслэлийг надтай нийлээд УИХ-ын 20 гишүүн зөвшөөрсөн. Өчигдөр тогтоолын төслийг өргөн барьснаас хойш Р.Амаржаргал гишүүн нэрээ авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Түүний саналыг би хүндэтгэж байна. Зохих журмын дагуу хүсэлтээ гаргаад нэрээ авах байх. 

Н.Гантуяа

Related news