Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-18 16:23:01

Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Чуулганд АЭХ-ны нийт гишүүдийг төлөөлж 21 аймаг 9 дүүргээс 800 гаруй төлөөлөгч оролцож байна. Тус чуулганд оролцогсдод АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нар баяр хүргэж үг хэлсэн бөгөөд АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл үндсэн илтгэлийг тавьсан юм. Мөн “Монгол хүн-2020” чуулганы шилдэг илтгэлүүдийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Д.Арвин нарын эмэгтэй гишүүд тавив.

Өнөөдрийн чуулганаар АЭХ-г цааш удирдах шинэ тэргүүнийг сонгох ёстой. Холбооны тэргүүнд Л.Нармандах, З.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нарын 11 хүн нэр дэвшсэнээс З.Нарантуяа нэрээ татаж одоогоор 10 хүн өрсөлдөж байгаа.

Чуулганд оролцогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байгаа бөгөөд нэр дэвшигчид өөр өөрийн мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын жагсаалттай оролцож байна. Дараа нь нууц санал хураалт явуулж шинэ тэргүүн болон АЭХ-ны дэд тэргүүн, хяналтын хорооны гишүүдийг сонгох аж. Мөн үүнээс гадна одоогийн тэргүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийгдсэн холбооны ажлыг тайлагнан дүгнэн хэлэлцэж байгаа юм.

Дашрамд дурдахад, АЭХ нь 98000 гаруй гишүүдтэй бөгөөд Монгол орны эрх ашиг, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэсэн, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх ардчилсан намын бодлогыг дэмжих, улс төр, засаглал, нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх эрхэм зорилготой байгууллага юм. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news