Суралцагчид тэтгэлэг олгох журмыг нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-18 09:49:41

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. 

Тус тогтоолоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг зохицуулсан. Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн горим, найдвартай ажиллагааг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод уг тогтоолоор үүрэг болгожээ.

Мөн эмхэтгэлд “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох тухай журам”-ыг нийтэлжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох талаар тусгасан уг тогтоолд сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын 1 болон 2,5 жил, техникийн боловсролын 1,5 болон 3 жилийн сургалтад хамрагдаж байгаа 24 хүртэлх насны суралцагчид  тэтгэлэг олгохоор тогтоожээ.

 Н.Туяа

Related news